Гэр хорооллын дахин төлөвлөлтийн барилга угсралтын ажлын явцтай танилцлаа
Нийслэлийн хэмжээнд барилга угсралтын ажил эхэлсэнтэй холбоотойгоор өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар, Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү нар Баянзүрх дүүргийн 12 хорооны нутагт гэр хорооллыг дахин барилгажуулах төслийн хүрээнд баригдаж буй барилгын В, Е хэсэгчилсэн талбарт ажиллалаа. Тэрхүү хэсэгчилсэн талбарт төсөлд шалгарсан “Скай вип констракшн”, “Гурван бухат” ХХК, “Батхэрэйд” ХХК-ийн барилгажуулах ажлын явцтай газар дээр нь танилцаж, тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэсэн юм.
Баянзүрх дүүргийн 12-р хороо Е хэсэгчилсэн талбайн 23.3 га газарт 4000 айлын орон сууц, 500 хүүхдийн цэцэрлэг, 1000 хүүхдийн сургууль, В хэсэгчилсэн талбайн 25.6 га газарт 3200 айлын орон сууц, 640 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орох юм. Одоогоор В хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч “Батхэрэйд” ХХК нийт талбайн 30 гаруй хувьд орон сууц бариад байна.
Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар:
-Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт өмнөх жилүүдэд удаашралтай явагдаж, жилд 1500 орчим айлын орон сууц дахин төлөвлөлтийн хүрээнд ашиглалтад орж байсан. Энэ жилээс бид энэ тоог 3-5 мянгад хүргэхээр зорьж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд олон төрлийн бодлого хэрэгжүүлж байж бид зорьсон тоондоо хүрнэ. Төсөлд шалгарсан компаниуд маань үнийн өсөлтийг сөрөн ажлаа үргэлжлүүлсээр байгаад талархаж байна. Мөн ард иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах орчинг бүрдүүлэн гэр хорооллын нүхэн жорлонг буулгажээ. Гэр хорооллын дахин төлөвлөлт хэрэгжсэнээр төвлөрөл саарч, агаар хөрсний бохирдол буурахын дээр тэр хэрээр ядуурал буурч, амьдрах орчин сайжирна. Цаашид нийслэл, хувийн хэвшил, иргэний хамтын түншлэл, шийдвэрээр Гэр хорооллыг барилгажуулах төсөл урагшлах ёстой. Цаашид хотын зүгээс бүхий л талаар аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажиллана. Манай төслүүд хэрэгжсэнээр иргэдийн амьдралын чанар дээшлэн, газар эдийн засгийн эргэлтэд орж, ажлын байр нэмэгдэх төдийгүй байгаль орчинд ээлтэй ногоон ирээдүйг үр хойчдоо өвлүүлэх өндөр ач холбогдолтой юм гэлээ.