Бүх нийтийн мод тарих өдөрлөгөөр 2000 мод тарилаа
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бүх нийтээр мод тарих өдөрлөг боллоо. Тус өдөрлөгт 50 орчим байгууллага, 500 гаруй иргэд оролцон 2000 гаруй модны суулгацыг тарив.
Энэ талаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул “Хавар, намрын мод тарилтаар 20 мянган суулгац бүхий мод, бутлагийг тарина. Мөн 100 мянган суулгацыг Туул голын эргийн хамгаалалтад зурвас үүсгэн тарихаар төлөвлөсөн. Ийнхүү 2022 онд 120 мянган модыг манай байгууллагын зүгээс тарьж ургуулахаар ажиллаж байна. Өнөөдөр 2000 мянган модыг иргэд, аж ахуй нэгжүүдтэйгээ хамтран тарилаа. Дараагийн өдөрлөг тавдугаар сарын 14-нд болох бөгөөд 100 гаруй байгууллагын оролцоотойгоор 8000 модыг тарина. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнөж эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн хэмжээнд 120 сая модыг тарьж, ургуулах амлалтыг өгсөн. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд нийслэлийн ногоон байгууламжийн ¼-г дангаараа бүрдүүлдэг тул уг ажилд манлайлан оролцоно. Бид тарьсан модоо жилийн дөрвөн улиралд арчилж, хамгаалдаг тул ургах баталгаа маш өндөртэй” гэв.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэл нийт 973 га талбайд оршдог. Нэгдүгээр ээлжийн 183 га талбайг тохижуулсан бөгөөд одоогийн байдлаар тус талбайн 85 хувьд ногоон байгууламж бий болгох, мод тарих ажлыг хийж байгаа юм. Тус байгууллагын тарьж, ургуулсан 150 мянга гаруй мод 98.5 хувийн амьдралтайгаар ургаж байгааг албаныхан онцолж байв.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-аас иргэдэд экологийн боловсрол олгох тал дээр санаачилга гарган ажилладаг. Тухайлбал, найман аймаг, есөн дүүрэг болоод томоохон аж ахуй нэгж байгууллагуудын 10000 гаруй хүнд ногоон байгууламжийн цогц сургалтыг хийжээ. Мөн мод тарьж, арчилж, ургуулах тухай гарын авлагыг гарган, “Green talk” цуврал видео зэрэг олон хэлбэрээр иргэдэд экологийн боловсрол олгоход анхаарч байна.
Түүнчлэн тавдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хоёр байршилд зүлэгжүүлэлтийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Ийнхүү тус байгууллагын зүгээс иргэдийн амарч, зугаалах нөхцөлийг бүрдүүлэхэд анхааран ажиллах бөгөөд иргэд, олон нийтийг тус хэсгүүдэд соёлтой үйлчлүүлэхийг уриалж байв.