Айл өрхүүдэд модны суулгацыг үнэгүй олгож эхэллээ
Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангиас хашаандаа мод тарих хүсэлтэй иргэдэд суулгацыг энэ сарыг 28-ны өдрөөс эхлэн үнэгүй олгож эхэллээ.
Баян-Өлгий аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг угтан Өлгий хотод 80 мянга, хөдөө сумдад 80 мянган ширхэг мод тарих ажил аймгийн хэмжээнд хэрэгжиж байна.
"Аймгаас баталсан төлөвлөгөөний дагуу модны суулгац үнэгүй олгох ажил эхэлсэн. Хүсэлт гаргасан өрх болгонд 10 ширхэг бургас модны суулгацыг үнэгүй өгч байгаа. Мөн сумд ч өөрсдийн тооцоо судалгааг ирүүлж, суулгац татан авч байна. Одоогоор Сагсай сум 2 мянга, Улаанхус сум 5 мянга, Бугат сум 500 суулгац авлаа. Бид иргэдэд модыг хэрхэн тарих талаар зөвлөгөө өгч, оршин суугаа хаягийг нь бүртгэн авч байна. Дараа нь авсан суулгацаа хэрхэн тарьж, арчилж хамгаалж байгааг газар дээр нь очиж шалгах болно" хэмээн Сум дундын ойн ангийн дарга С.Ерболат хэллээ.
Иргэдийн хувьд Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт /Цагааннуур тосгон явах хар зам дагуу/ орших аймгийн Мод үржүүлгийн талбайд өөрийн биеэр очиж модны суулгацаа үнэгүй авах боломжтой ажээ.