Завхан аймгийн Их-Уул сумын нутаг дахь "Аварга мод"-ыг 700 жилийн насжилттай гэж тогтоожээ

Завхан аймгийн Их-Уул сумын нутагт 5.73 метр бүдүүн, 32.2 метр өндөр нэгэн том мод байдаг байна. Тус сумын ИТХ-ын тэргүүлэгчид өнгөрсөн тавдугаар сарын 19-ний хуралдаанаараа А/11 дугаар тогтоол баталж уг модыг "Аварга мод" хэмээн хүндэтгэн нэрлэх шийдвэр гаргажээ. Мөн энэхүү модыг судлуулахаар Шинжлэх ухааны академийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнд хүсэлт хүргүүлсэн байна. Үүний дагуу энэ сарын 2-нд Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор П.Баттулга, шавьж судлаач магистр Д.Ганбат, эрдэм шинжилгээний ажилтан Г.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй баг "Аварга мод"-ыг хэмжиж, судалгаа хийжээ.Судлаачдын урьдчилсан дүгнэлтээр уг мод нь 700 орчим жилийн насжилттай гэж үзсэн байна. "Аварга мод" нь одоогийн байдлаар Монгол оронд бүртгэгдсэн хамгийн бүдүүн шинэс мод бөгөөд хамгийн сонирхолтой нь сүүлийн жилүүдийн өсөлт нь маш сайн байна хэмээн дүгнэжээ. Уг модыг Монгол орны хамгийн бүдүүн шинэс модоор бүртгүүлж олон нийтэд сурталчлан таниулах талаар Шинжлэх ухааны академийн Газар зүй геоэкологийн хүрээлэн хамтарч ажиллах юм байна.

скачать dle 12.0

Холбоотой мэдээ