Л.ХАЛТАР: Зам, тээврийн салбарыг залуус түүчээлж байна
Зам, тээврийн залуучуудын зөвлөлийн хэлэлцүүлэг, зөвлөгөөн /2022.06.03/ боллоо. Үйл ажиллагааг Зам, тээврийн залуучуудын хөгжлийн зам зөвлөлийн тэргүүн Ш.Нямсүрэн нээв.
Түүний дараа Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар зөвлөгөөнд оролцогчдод хандан үг хэлсэн юм. Тэрбээр “Зам, тээврийн салбар дахь төмөр зам, нисэх, авто тээвэр, авто зам, далайн тээврийн хүний нөөцийг залуус та бүхэн түүчээлж байна. Түүнчлэн энэ салбарт залуу насаа зориулж, хөгжилд нь томоохон хувь нэмрээ оруулсан ахмад үедээ ч бас талархахгүй өнгөрч болохгүй. Түүхийн үүднээс ч 1921 оны ардын хувьсгалыг Д.Сүхбаатар жанжин тэргүүтэй 20 гаруй насны залуус хийсэн. 1990 оны ардчилсан хувьсгалд залуучууд манлайлсан. 1939, 1945 оны эх орны чөлөөлөх дайны төгсгөлийг зөвлөлтийн дайчидтай монголын залуус өндөрлүүлсэн. Атар газрыг эзэмшүүлэх аяныг монголын залуучууд манлайлан эхлүүлсэн. Эрдэнэт, Дархан гээд аж үйлдвэрийн томоохон хотуудыг Монгол залуус барьж байгуулж, суурьшлийн томоохон бүс болгосон. Бүх том бүтээн байгуулалтын эхлэл нь залуучууд. Ирээдүйн зуун жилийн эхлэл нь та бүхэн. Сансрын нисгэгч, нислэгийн инженер, хошууч генерал Ж.Гүррагчаа гуай гуч гаруйхан настайдаа Монгол Улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Ази тивийн хоёр дахь нисгэгч болж байлаа. Яг үүн шиг зам, тээврийн салбарыг залуус та бүхэн түүчээлж, цар тахлын нэн хүнд нөхцөлд ч үүрэгт ажлаа сайн биелүүлсэнд салбарын сайд болон хувийнхаа зүгээс талархаж буйгаа илэрхийлье. Тээвэр бол хүний анхдагч хэрэгцээний нэг мөн гэдгийг бид цар тахлын хүнд үед сайн ойлгосон. Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмрээ оруулсан төмөр зам, гадаадад байсан улсынхаа иргэдийг, эм эмнэлгийн хэрэгсэл, вакциныг шуурхай тээвэрлэн авчирсан нисэхийн салбар, Монгол Улсынхаа төрийн далбааг түрээслэн аялуулж улсынхаа төсөвт хөрөнгө оруулсан далайн тээвэр, Европ тив, улс хоорондын тээвэр хийсэн авто тээвэр, цар тахал гэж хойш суугаагүй авто замчин залуус, хүрэлцэн ирсэн хүндэт зочид, оролцогч та бүхэндээ, ажлын өндөр амжилт хүсье” гэв.
Мөн Зам тээврийн салбарын залуучуудыг хөгжүүлэх, салбарын хөгжлийн бодлогод залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, залуучуудын бүтээлч сэтгэлгээг дэмжих замаар байгууллагын хөгжлийг түүчээлэхэд дэмжлэг үзүүлэх, зам тээврийн салбарын залуучуудыг эвлэлдэн нэгдэх, хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Зам тээврийн залуучуудын хөгжлийн зам зөвлөл хооронд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Түүнчлэн эрхэлсэн ажилдаа хичээл зүтгэл гаргаж, салбарын хөгжилд өндөр хувь нэмрээ оруулсан нэр бүхий хүмүүсийг салбарын шагналаар шагнав.
Үргэлжлүүлэн “Автотээврийн салбарын цахим хөгжил”, “Төмөр замын бүтээн байгуулалт ба залуучууд”, “Автозамын шинэчлэл хөгжил”, “Иргэний нисэхийн салбарын хүний нөөцийн бодлого”, “Залуусын хөгжил ба цахим шилжилт” сэдвүүдийг хөндөж холбогдох газрын удирдлага, мэргэжилтнүүд оролцон тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал солилцож гарсан шийдэл, дүгнэлтээ Төрийн нарийн бичгийн даргад гардуулан өгөв.Зам, тээврийн салбарын залуучуудын хөгжлийн зөвлөл нь салбарынхаа хөгжлийн шийдэл, гарцыг оновчтой тодорхойлох, шаардлагатай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зорилготой тул тус хэлэлцүүлгийг “Асуудалд шийдэл байдаг” уриан дор зохион байгуулав.