Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг баталлаа

Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг зургаан бүлэг, 21 зорилт, 432 арга хэмжээтэй байхаар төлөвлөжээ. Эхний бүлэг болох Хүний хөгжлийн бодлогын хүрээнд нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, чанартай боловсролыг хүртээмжтэй хүргэх, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлэх зэрэг 114 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Эдийн засгийн бодлогын хүрээнд цар тахлын дараа Улаанбаатар хотод тулгарч буй эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах, төсвийн сахилга батыг сайжруулах, санхүүгийн шинэ эх үүсвэр, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадвартай үйлдвэр, үйлчилгээг дэмжих зэрэг 95 төсөл арга хэмжээ төлөвлөжээ.
Харин Засаглалын бодлогын хүрээнд нийслэлээс үзүүлж байгаа үйлчилгээнээс хүнд суртал, авлигад хамгийн их өртөж буй үйлчилгээг үе шаттай цахимжуулах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчийн ажлын хариуцлага, хяналтыг сайжруулах зэргээр 40 төсөл, арга хэмжээг төсөвлөсөн байна. Мөн Ногоон хөгжлийн бодлогын хүрээнд байгалийн нөөц баялаг, эко системийг хадгалж хамгаалах, нөхөн сэргээх, усны нөөц, урсац бүрэлдэх эхийг хамгаалалтад авах, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрэлдүүлэх зорилгоор 75 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр зорьжээ. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд авто зам, замын өргөтгөл, шинэтгэл, зогсоол, гүүр, гүүрэн байгууламж барих, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэргээр 31 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Ийнхүү НИТХ-ын төлөөлөгчид, ажлын хороод, намын бүлгүүдээс гарсан нийт 14 саналыг Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төсөлд тусган, хавсралтаар баталлаа.