“Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн удирдах хорооны хурал боллоо
“Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх/ төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх нь” төслийн удирдах хорооны хурал өнөөдөр боллоо. Хурлыг нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа даргалж, тус төслийн захирал Дэвид Ханкок болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов.
Хурлын эхэнд “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх/ төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх нь” төслийн 2019 оны төсвийн гүйцэтгэл болон 2020 оны төсвийн мэдээллийн товч танилцуулгыг төслийн захирал Дэвид Ханкок хийлээ. Дараа нь холбогдох албаны хүмүүс төслийн 2019 оны үр дүн болон 2020 оны төлөвлөгөөг танилцуулсан юм.
Мөн хурлаар 2020 оны төслийн төлөвлөгөөг хэлэлцэн батлах, энэ онд төслийн үйл ажиллагаанд зориулан Швейцарийн хөгжлийн агентлаг болон ХБНГУ-ын Холбооны эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны яамнаас санхүүжилт авах шаардлагыг тодорхойлох зэрэг асуудлуудыг хэлэлцэж, харилцан санал солилцлоо.
Швейцарийн хөгжлийн агентлаг, ХБНГУ-ын Холбооны эдийн засаг хөгжлийн яамны хамтарсан санхүүжилттэй Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс