Нөөцийн махыг 431 цэгээр худалдаалж эхэллээ
Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор ХХААХҮЯ-аас 12 бэлтгэн нийлүүлэгч сонгон шалгаруулж, хаврын улирлын хэрэгцээнд зориулан 7858.9 тонн махны нөөц бэлтгэсэн. Тэгвэл өнөөдрөөс нийслэлийн есөн дүүргийн 431 цэгээр нөөцийн махыг худалдан борлуулж эхэллээ.
УБЗАА-ны Худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэнд:
-Нөөцийн мах борлуулах цэгийн тоог дүүрэг, хороодын хүн ам, байршил зэргийг харгалзан тогтоосон. Дунджаар нэг хороонд 2-3 дэлгүүр ноогдож буй. Борлуулалтын цэгүүдийг сонгохдоо тухайн дэлгүүрийн санхүүгийн чадамж, хөргөгч, хөлдөөгчийн багтаамж болон татварын цахим системд холбогдсон, эсэх зэрэг үзүүлэлтийг харгалзсан.
Нөөцийн хувьд 30 хувь нь үхэр, 65 хувь нь хонь, таван хувь нь ямааны мах. Нийслэлийн зүгээс нөөцийн махны худалдааг хариуцан ажиллана.
Үүнтэй холбогдуулан нөөцийн махны хадгалалт, чанар, аюулгүй байдал, савлагаанд хяналт шалгалт хийж, худалдаанд гаргах бэлтгэл ажлыг хангасан хэмээлээ. Түүнчлэн махны борлуулалтаас хамаараад худалдах цэгүүдийг нэмэх боломжтойг тэрбээр мөн онцолсон юм.