Г.Занданшатар: Алтай судлалын институц байгуулах санаачилга гаргасныг талархан дэмжиж байна

Төрийн ордонд болж буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтын “Алтай судлалын олон улсын чиг хандлага” салбар хуралдааны нэгдүгээр хэсэг өндөрлөж, хоёрдугаар хэсгийн хуралдаан үргэлжилж байна.
Салбар хуралдааныг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Номхон Далайгаас Дунай мөрнийг хүртэлх асар уудам нутагт өнө эртнээс нүүдэлчид хэл, түүх, соёлын улбаагаа үлдээснийг Хүннүгийн үеэс өнөөг хүртэл залгамжлан, соёлын, түүхийн улбааны маш нарийн хэлхээ холбоотойгоор хөгжүүлсээр ирснийг Шинжлэх ухаанд “Алтай хэлний аймаг”, “Алтайн ард түмнүүд”, “Алтайн соёл” зэргээр томъёолж ирсэн бөгөөд сүүлийн үед зарим эрдэмтэн, судлаачид “Алтайн соёл иргэншил” хэмээн тэмдэглэх болсныг онцолсон юм. Тэрбээр, Алтай судлалыг онц сонирхолтой болгож байгаа нэг гол зүйл бол энэ бүс нутгийн өвөрмөц соёл уламжлалыг хослол бөгөөд үүнийг би үндэсний ижилсэл-ондоошилтой харьцуулан ойлгож болно гэж боддог юм. Ижилслээс ондоошил руу, ондоошлоос эргээд харилцан нийтлэг үнэт зүйлийн хэлхээ холбоо бий болсныг олон талаас харж болно. Тухайлбал, Алтай язгуурын ард түмний, ялангуяа нүүдэлчдийн гэр бүлийн соёл ижил төстэй байдаг. Энэ талаар доктор, профессор Илхан Шахин гуай “Altay Communities” номдоо, гэр бүлийн үнэт зүйлийн ижил төстэй байдал, түүхийн хэлхээ холбоосуудыг археологийн судалгаагаар баталсан байна. Орхоны хөндийн зэрэг олон судалгаа, ном бүтээлээрээ тэрбээр үүнийг нотлон бичиж, энэ язгуур гарвалын хувьд маш ижил төстэй нийтлэг зүйл байгааг тодорхойлжээ гэлээ.
Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, олон зуун жилийн турш Алтайн бүс нутаг нь Өрнө-Дорныг холбосон олон үндэстний уулзвар болж ирснээс гадна Торгоны зам, одоогийнхоор хэвтээ корридор гэж хэлж болохоор түүхэн соёл иргэншлийн улбаат хэлхээ холбоос гэж тодорхойлж болохыг тэмдэглээд, энэ нутгийн ард түмний соёлын өвийг судлах, тэдний хэл, зан заншил, амьдралын өвийг ойлгох нь хүн төрөлхтний талаарх бидний ойлголтыг баяжуулж соёлын хадгалалтад онцгой чухал гэдгийг чухалчлан дурдсан юм. Алтай судлал одоогоор голдуу хэл шинжлэл, байгалийн ухааны хүрээнд түлхүү хөгжиж буйг тэрбээр дэрдээд, үүгээр хязгаарлагдахгүй шүтэн барилдлагаараа соёл, түүх, археологи, олон улсын харилцаа, аялал жуулчлал, тэр бүү хэл, эдийн засгийн шинжлэх ухааны зэрэг олон чиглэлээр түлхүү хөгжүүлэх боломжтой гэлээ. Мөн тэрбээр, хэдийгээр Алтайн нуруу нь Монгол, Орос, Хятад, Казахстан гэсэн дөрвөн орны нутаг дэвсгэрт түлхүү харьяалагдах боловч Алтай язгуурын хэлний онолын хүрээнд монгол, түрэг, манж, солонгос, япон хэлний хүрээгээр өргөн өргөн хүрээнд авч үзэж буйг дурдан, нарийвчилсан судалгаанд хэдийгээр олон маргаантай асуудлууд байгаа ч эдүгээгийн өндөрлөгөөс бус тухайн үеийнх нь цаг үеийн нөхцөл байдалтай харьцуулан авч үзвэл ижил төстэй байдлыг олон талаар дүгнэж болохоор байна гэсэн юм. Үүндээ тэрбээр шижээ татан, 6000 жилийн өмнө монгол, түрэг, уйгур хэл салсан гэж зарим эрдэмтэд үзэж байхад, уйгур, согд бичгийн уламжлал яагаад монгол хэлтэй, руни бичиг яаж өмнөх түүхэн соёлуудаас шилжиж ирсэн юм, хэл, аялгууны онцлогууд ямар байсан юм зэргийг Хятадын Цагаан хэрмээс Унгарын тал хүртэл өргөн уудам нутгийг хамарсан соёлын харилан хамааралд нь нарийвчлан сулдах шаардлагатайг тэмдэглэлээ. Мөн, өнөөдрийн даяарчлагдсан нийгэмд Алтай судлал нь олон улсын хамтын ажиллагаа, соёлын солилцооны, шинжлэх ухааны хамтын ажиллагааны өндөр нөөц, өргөн боломжтой салбар юм. Бүс нутгийн геополитикийн ач холбогдол хөрш зэргэлдээх орнуудын нийтлэг уламжлал нь энэ хамтын ажиллагаагаа хөгжүүлэх энэ бүс нутгийн яриа хэлэлцээг дэмжих хуваагдлыг арилгах боломжийг олгож байна гэлээ.
Тэрбээр цааш хэлэхдээ, Бан Ги Мун гуай саяхан шинээр гаргасан номоо өчигдөр надад танилцуулсан гээд, “Uniting Nations in a Divided World” гэдэг энэ номонд, хуваагдсан дэлхийд яаж энд улс үндэстнүүд нэгдэж хамтарч ажиллаж болох вэ гэсэн энэ үзэл санаа, хүн төрөлхтөн нийтлэг өв соёлоороо нэгдэх ёстой гэсэн НҮБ-ын үзэл санаатай нийцнэ гэж үзэж байгааг дурдав. Иймд Алтай судлал бол бидний мэдлэгээ хуваалцах, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх замаар Тогтвортой хөгжлийн бодлогод хувь нэмрээ оруулах өргөн боломж гэж үзэж байна гэж тэрбээр цохон тэмдэглэлээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ