ХЗБХ: Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны(2024.05.14) хуралдаан 11 цаг 39 минутад гишүүдийн 68.4 хувийн ирцтэй эхэлж, долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Конвенцын төслийг зөвшилцөв
Төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг болон олон улсын бусад гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх асуудлаар олон улсад хамтран ажиллах тухай Любляна-Гаагийн конвенцын төслийг зөвшилцөх тухай асуудлыг хуралдааны эхэнд хэлэлцсэн бөгөөд энэ талаар Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулав.
Төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг нь олон улсын эрүүгийн эрх зүйд хамгийн ноцтой гэмт хэргийн төрөлд тооцогддог. Эдгээр гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх, гэмт этгээдийг шийтгэх, улс хоорондын эрх зүйн туслалцааны хамтын ажиллагааг сайжруулах, гэмт этгээдийг шилжүүлэн өгөх олон талт эрх зүйн баримт бичиг байгуулах ажлыг Монгол Улс 2017 оноос идэвхтэй дэмжиж ирснийг тэмдэглэв. Бельги, Нидерланд, Словени, Аргентин, Сенегал Улсын хамт конвенцын санаачилгыг урагшлуулах зорилготой Үндсэн бүлгийн 7 гишүүн улсын нэгээр ажиллаж байгаа аж. Үндсэн бүлгийн эдгээр гишүүн улсын төлөөлөгч нар төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг болон олон улсын бусад гэмт хэргийг мөрдөн шалгах хянан шийдвэрлэх асуудлаар олон улсын хамтран ажиллах тухай Любляна-Гаагийн конвенцын төслийг боловсруулж 2019 оноос эхлэн төслийн хэлэлцүүлгийг өрнүүлсэн байна. Ийнхүү 2023 оны 05 дугаар сарын 15-26-ны өдрүүдэд Любляна хотноо болсон Бага хурлаар конвенцын эх бичвэрийг баталсан аж.
Энэхүү конвенц нь “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенц”, “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенц”, “Төрлөөр устгах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэх тухай конвенц” зэрэг уг салбарт хамаарах олон талт механизмууд байдаг хэдий ч төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэргийг хянан шийдвэрлэх зохицуулалтыг агуулсан анхны баримт бичиг болох юм байна. Энэ хүрээнд уг санаачилгыг өдгөө 80 гаруй улс дэмжиж байгаагаа илэрхийлснийг Б.Батцэцэг сайд танилцуулсан.
Тус конвенцод гарын үсэг зурах ёслолын арга хэмжээг Нидерланд Улсын Гааг хотноо 2024 оны 02 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулж, нийт 33 улс гарын үсэг зурсан байна.
Монгол Улс Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4 дэх хэсэгт заасны дагуу уг конвенцод гарын үсэг зурах асуудлыг зөвшилцөхөөр танилцуулж байгаагаа тэрбээр Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.
Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Д.Цогтбаатар нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авав. Сүүлийн үед гэмт хэргүүд, тэр дундаа мөнгө угаах, санхүү, авлига, албан тушаалын гэмт хэрэг улс дамнан үйлдэгддэг болсон гэдгийг Б.Энхбаяр сайд хэллээ. Бусад улс оронтой эрүүгийн эрх зүйн чиглэлээр хамтарч ажиллах гэрээ хэлэлцээрүүдийг байгуулж буй нь гэмт хэрэгтнүүдийг илрүүлэх, нуусан хөрөнгө мөнгийг илрүүлэн, баримтжуулж, ял зэмийг нь оногдуулах Монгол Улсын хүсэл эрмэлзлэлийн илрэл хэмээн тэрбээр онцоллоо. Манай улс өнөөдрийн байдлаар 24 улстай байгуулсан, хоёр талт 39 гэрээний үндсэн дээр эрүүгийн эрх зүйн чиглэлээр хамтарч ажиллаж байгаа аж. Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцод Европын зөвлөлийн 48 улс, зөвлөлийн гишүүн бус 5 орон нэгдсэн байдаг байна. Эдгээрийн дунд Монгол Улсын иргэн олноор зорчдог Англи, Герман, Бельги, Ирланд, Швед зэрэг улс багтаж байгааг Б.Энхбаяр сайд хэллээ. Европын зөвлөлийн орнуудаас манай улс 18 улстай нь хоёр талын гэрээ байгуулсан. Зөвшилцөж буй төслийн хүрээнд Европын зөвлөлийн бүх улстай эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх боломжтой болно гэв.
Конвенцод нэгдэх үйл явцын талаар тодруулсан Д.Цогтбаатар гишүүний асуултад ажлын хэсэг хариулахдаа “Нэн тэргүүнд тухайн улс хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж, гарын үсэг зурах, үүний дараа соёрхон батлах бэлтгэл хангах юм. Тус конвенцод гарын үсэг зурах асуудлыг зөвшилцөхөөр Улсын Их Хуралд танилцуулж буй шалтгаан нь конвенцыг соёрхон батлахын тулд Монгол Улс Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зэрэг холбогдох хуулиудыг нийцүүлэн бэлтгэл хангах шаардлагатай. Үүний тулд Олон улсын гэрээний тухай болон Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу конвенцод гарын үсэг зурах асуудлыг зөвшилцөж байна” гэв. Энэхүү конвенцоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах, эрх зүйн туслалцаа үзүүлэх, гэрч, хохирогчийг хамгаалах, хамтарсан ажиллагаа явуулах гээд олон асуудлыг зохицуулах учраас соёрхон батлахын өмнө бэлтгэл хангах шаардлага бий гэдгийг тайлбарласан. Энэхүү конвенцод төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх зохицуулалт туссаныг ажлын хэсэг мэдээллээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг болон олон улсын бусад гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх асуудлаар олон улсад хамтран ажиллах тухай Любляна-Гаагийн конвенцын төслийг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх буюу 75 хувь нь дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
Дараа нь Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцуулав.
Монгол Улсын иргэд олноор зорчдог гадаад улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсаас Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын 1959 оны конвенцод нэгдэн орох тухай хүсэлтийг Европын Зөвлөлийн Сайд нарын хороонд гаргажээ. Тус хороо нь орлогч сайд нарын 2019 оны хурлаар хэлэлцэн дэмжээд, урилга ирүүлсэн гэв.
Монгол Улс гадаадын 24 улстай байгуулсан 39 хоёр талт гэрээний үндсэн дээр эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх, гэмт этгээд ялтан шилжүүлэх эрх зүйн үндэс бүрдсэн байгаа. Үүнд ихэнх нь Зүүн Европ болон Азийн улсууд багтаж байгаа юм. Харин баруун Европын ихэнх улстай олон улсын конвенцуудад заасан, тодорхой төрлийн гэмт хэргээс бусад гэмт хэргийн асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх асуудлаар харилцах боломжгүй байдаг байна. Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцод Европын зөвлөлийн 48 гишүүн улс, Европын зөвлөлийн гишүүн бус 5 улс нэгдэн орсон бөгөөд тус конвенцын гишүүн улсын тоонд Монгол Улсын иргэд суралцах, ажиллах, бизнесийн болон аяллын зорилгоор олноор зорчдог, оршин суудаг Англи, Герман, Бельги, Ирланд, Швед зэрэг улс багтаж байгааг тэмдэглэв. Энэхүү конвенцод нэгдэн орсноор манай улсын хуулийн байгууллагууд нотлох баримт албажуулж авах, мөрдөн шалгах ажиллагаанд холбогдох этгээдийг байлцуулах, гэмт хэргийн улмаас олдсон эд зүйл хэрэгслийг хураан авах зэрэг тодорхой төрлийн ажиллагааг конвенцын гишүүн улсуудын нутаг дэвсгэрт гүйцэтгүүлж, туслалцаа авах зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой зарим ажиллагааг гүйцэтгэх боломжтой болно хэмээн Б.Энхбаяр сайд танилцуулсан.
Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг асуулт асууж, хариулт авав. Төслийг дэмжиж буйгаа тэрбээр илэрхийлээд, гэмт хэрэг үйлдсэн эсэхийг хянан шалгах гэхэд гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийг шалгах, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгийг хураах боломж бүрдэх эсэхийг тодруулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд дэлгэрэнгүй хариулт өгсөн. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Авлигатай тэмцэх таван “Ш” ажиллагаа”-ны “Шувуу” ажиллагааг эхлүүлэх үеэр Интерполын “Хөх булант” зар мэдээгээр 70, “Улаан булант” зар мэдээгээр 22 этгээдийг эрэн сурвалжилж байжээ. 2024 оны 02 дугаар сарын 14-ний байдлаар буюу “Шувуу” ажиллагаа хэрэгжсэн нэг жилийн хугацаанд Интерполын “Хөх булант” зар мэдээнд зарлагдсан 52, “Улаан булант” зар мэдээнд зарлагдсан 5, нийт 57 этгээдийг олж тогтоосон байна. Мөрдөн шалгах чиг үүргийн байгууллагаас олж тогтоож авч ирсэн 13, сайн дураараа хэргээ шийдвэрлүүлэхээр ирсэн 14 иргэнтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 4 иргэний хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ. 2023 оны 03 дугаар сараас хойш гадаад улсад байгаа 30 иргэний гадаад паспортын бүртгэлийг хүчингүй болгож, тэдний гадаад улсад зорчих, амьдрах боломжийг хязгаарлах шийдвэр гаргаад байгаа аж.