2020: Сонгуулиар “амьсгалах” жил
-2020 оны анхаарал татсан сонгуулиуд-
Энэ жил Африкийн 22, Азийн 12, Европын 16, Хойд Америкийн 11, Өмнөд Америкийн долоо, Ойрх Дорнодын тав, далайн долоон улсад парламентын болон Ерөнхийлөгчийн сонгууль болно. Дэлхий дээр 200 гаруй улс байдаг, тэд дөрвөн жил тутам Ерөнхийлөгчийн болон Парламентын сонгуулиа явуулдаг гэж барагцаалбал жилд дунджаар 50 гаруй улсад сонгууль болдог байж таарна. Гэсэн ч ихэнх нь олон улсын анхаарал таталгүй өнгөрдөг. Харин ирэх жилийн тухайд, дуулиан шуугиан ихтэй, дэлхий нитийн ярианы сэдэв болж мэдэх онцгой үр дүнг дагуулах сонгуулиуд явагдах тул тухайн сонгуулиудыг онцоллоо.
I сар
Геополитикийн эрсдэл дуудсан Тайванийн Ерөнхийлөгчийн сонгууль
Оны чухал сонгуулиудын тэргүүн эгнээнд бичигдсэн, гарах үр дүн нь бүс нутгийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, геополитикийн бодлогод нөлөө үзүүлэх учиртай Тайванийн Ерөнхийлөгчийн сонгууль нэгдүгээр сарын 11-нд боллоо. Тус сонгуульд Ардчилсан өсөлтийн намаас нэр дэвшсэн, салан тусгаарлах үзэлтэй одоогийн Ерөнхийлөгч Цай Инь Вэнь ялалт байгуулаад байна. Тэрээр төрийн тэргүүний суудлын төлөө одоогийн Гоминданы намаас нэр дэвшсэн Хань Куо Ютай өрсөлдөж, 57 хувийн саналаар ялсан юм.
Дээрх хоёр нэр дэвшигчийн нэгнээсээ ялгарах гол онцлог нь ерөөсөө л эх газрын Хятадын талаар баримтлах байр суурь нь юм. БНХАУ-аас салан тусгаарлах талаар албан ёсоор мэдэгдэл хийж байгаагүй боловч Ардчилсан нам энэ талд хатуу зогсоно гэдгээ явуулж байгаа бодлогоороо харуулдаг бол Гоминданы нам илүү ойр дөт хамтрахын төлөө байдаг. Хань Куо Ю сонгуулийн кампанийнхаа үеэр Цай Инь Вэнийг “БНХАУ-тай харилцах харилцаагаа сүйтгэсэн” гээд ирэх сонгууль үхэл, амьдралыг шийднэ хэмээн сурталчилж байв. Хонконгод гарсан бослого эсэргүүцлийн хөдөлгөөний дараа Хань Куо Ю дуугаа улам өндөрсгөж, “Хятадтай тэрсэлбэл юу болохыг харж байна уу” гэх маягтай болж ирсэн. БНХАУ ч адил, өнгөрсөн есдүгээр сард “Хэрвээ Цай Инь Вэнийг дахин сонговол дипломат харилцаатай улсуудаа алдах болно шүү” гэсэн бол саяхан Ши Жиньпин “Тайванийг нэгтгэх нь БНХАУ түүхэн зорилт хэвээр байх болно. Хүч хэрэглэхгүй гэж амлаж чадахгүй” гэж мэдэгдээд буй. Гэсэн ч тайваньчууд Цай Инь Вэнийг сонгож, БНХАУ-ыг хүч хэрэглэж ч мэдэх байдалд орууллаа.
II сар, X сар
Дүр эсгэсэн ардчилалтай Гвинейн парламент, Ерөнхийлөгчийн сонгууль
Дүр эсгэсэн ардчиллын жишээ болоод буй Гвиней улс ирэх хоёрдугаар сард парламентын гишүүдээ, аравдугаар сард Ерөнхийлөгчөө сонгоно. 2010 онд одоогийн Ерөнхийлөгч Альфа Кондег анх сонгохдоо гвинейчүүд 50 гаруй жилийн дарангуйлал эцэс болж, ардчиллын замд эргэлт буцалтгүй орлоо хэмээн баярлаж байсан бол өдгөө итгэл нь алдарчээ. Альфа Конде 2013 онд явагдсан парламентын сонгуулийг луйвардаж, 2019 онд болох байсан сонгуулийг 2020 оны хоёрдугаар сард болгон хойшлуулаад байна. Үндсэн хуулиар хориглосоор байтал 2020 оны аравдугаар сард явагдах Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшихийг санаархан хууль өөрчлөх гэж оролдож, эсэргүүцсэн хүмүүсийг цус урсган дарсан тул АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео 81 настай түүнд ардчиллаас гажиж байгааг нь сануулахад хүрсэн юм. Харин ОХУ бол А.Кондег дэмжиж байгаа. Кремль баруун Африкийн энэ улсын хэрэгт анхаарал тавьдгийн шалтгаан нь хөнгөн цагаан үйлдвэрлэхэд оролцдог боксит хэмээх ашигт малтмалтай холбоотой гэнэ. Гвинейд дэлхийн бокситын нөөцийн том хэсэг байдаг бөгөөд ОХУ нийт хэрэгцээнийхээ дөрөвний нэгийг эндээс татдаг ажээ.
III сар
Улс төрийн хямралыг эцэслэж, Б.Нетаньяхугийн ноёрхолд цэг тавих Израилийн бүх нийтийн сонгууль
Израильчууд жил гаруйхны дотор гурав дахь удаагаа сонгуульдах гэж байна. Хамгийн олон суудал авсан нам нь Засгийн газраа байгуулж чадалгүй дахих журмаар 2019 онд хоёр, ирэх онд гурав дахиа сонгуульдах гэж буй нь энэ. Засгийн газраа байгуулахын тулд 61 суудлыг нэгтгэх ёстой ч 2019 оны дөрөвдүгээр сард болсон сонгуулиар Б.Нетаньяхугийн “Ликуд”, Бени Ганцын “Цэнхэр, цагаан” эвсэл ижил 35, 35 суудал аваад аль, аль нь бусад намуудтай эвсэж чадаагүй. Өнгөрсөн есдүгээр сард сонгуульдахад “Цэнхэр цагаан” 33, “Ликуд” 32 суудал авч, Засгийн газар байгуулах оролдлого нь дахин бүтэлгүйтснээр шинэ онтой золгож буй юм. Хоёр дахь сонгуулийн дараа Б.Нетаньяху авлигын хэрэгт буруутгагдсан тул ирэх сонгуульд намаа тэргүүлж орох нь бүү хэл албан тушаалаа өгөх магадлал үүссэн. Тиймээс ирэх гуравдугаар сард байдал өөрчлөгдөх магадлалтай байгаа юм.
IV сар
Тогтолцоо нь тодроогүй БНСУ парламентын сонгууль
Сонгууль болоход гурван сар хүрэхгүй хугацаа үлдээд байхад БНСУ сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх талаар яриад сууж байна. Өмнө нь олон жил ярьсан ч Ерөнхийлөгч Мүн Жэ Иний Ардчилсан нам сая л нэг төсөл боловсруулж, хэдэн жижиг намуудын дэмжлэгийг авчээ. Пропорциональ тогтолцоогоор сонгуульдах энэ санааг нь Консерватив нам янз бүрээр эсэргүүцсэн ч сүүлдээ дэмжиж, батлагдах замдаа ороод буй.
Сонгууль шинэ журмаар явагдвал одоо олонх байгаа Ардчилсан нам ялахад хавьгүй хялбар болно. Гэхдээ ажилгүйдэл, эдийн засгийн өсөлт удааширснаас болж эрх баригчдын нэр хүнд муу байгаа. Ялагдвал Мүн Жэ Ин парламентаасаа дэмжлэггүй болж, үлдсэн хоёр жилээ “Доголон нугас” шиг өнгөрөөх юм.
V сар
Ардчиллаасаа ухрах эсэхийг шийдэх Этиопийн бүх нийтийн сонгууль
Африк тивийн улсуудаас сүүлийн үед сайн сайхан мэдээлэл дуулгаж буй ганц улс нь Этиоп болоод байна. Ерөнхий сайд Абия Ахмед улс орондоо эдийн засгийн шинэчлэл хийж, нээлттэй бодлого баримталснаар амжилтад хүрч буй. Тэрээр албан тушаал авсныхаа дараа улсынхаа уламжлалт хүчний бодлогыг өөрчилж, улс төрийн хэргээр ял эдэлж байсан 1000 гаруй хоригдлыг суллан, хөрш Эритрей улстай энхийн хэлэлцээ эхлүүлсэн юм. Эдгээр ажил нь түүнд Нобелийн Энхтайвны шагнал авчирсан билээ. Одоо тэрээр ирэх тавдугаар сард болох сонгуулийг шударга, хэл амгүй зохион байгуулахыг хүсч байгаа юм. Шинэчлэлээ үргэлжлүүлэхийн тулд тэрээр 547 суудалтай парламентдаа олонх болох шаардлагатай. Гэвч улс оронд нь нүүрлээд буй угсаатан хоорондын мөргөлдөөн ялах магадлалыг нь бууруулж байгаа аж. Энэ мөргөлдөөнөөс болж сүүлийн жилүүдэд 1200 гаруй хүн үхэж, сая гаруй хүн дүрвэсэн. Зогсооход хугацаа шаардлагатай. Гэтэл сүүлийн үед гарсан мөргөлдөөн, хүний амь хохирсон тохиолдол бүрт Абияг буруутгаж, ард иргэд үүнд нь автах янзтай болжээ. 67 хүн амиа алдсан ээлжит мөргөлдөөний дараа Этиопийн хамгийн том ястан омгоос гаралтай, хэвлэлийн магнат Жавар Мохаммед гэгч Абияг хүчирхийлэлд буруутгаж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Олон хэвлэлтэй тэрээр дахиад мөргөлдөөн гарах бүрт нэр хүндээ өсгөсөөр байх боломжийг бүрдүүлсэн байна.
IX сар
Болох эсэх нь тодорхойгүй Хонконгийн парламентын сонгууль
Хонконгийн парламентын сонгууль төлөвлөгдсөнөөр бол есдүгээр сард явагдах ёстой ч одоогоор болох эсэх нь эргэлзээтэй байна. Яагаад гэдгийг нь бүгд мэдэж байгаа. Өнгөрсөн гуравдугаар сард эхний хэлэлцүүлэгт орсон Ялтан шилжүүлэх тухай хуулиас болоод хот амсхийлгүй шинэ онтой золгоод байна. Жагсагчид Бээжинг Хонконгийг анх шилжүүлж авахдаа тохирсон “Нэг улс-хоёр тогтолцоо” зарчмаасаа ухарлаа хэмээн буруутгасан. Их Британи 1997 онд Хонконгийг БНХАУ-д шилжүүлэх шийдвэр гаргахдаа уг зарчмыг тохирч, 2047 он хүртэл хүчин төгөлдөр мөрдүүлэх гэрээ байгуулсан юм. Гэвч энэ тохироогоо умартан сонгуулийн замаар эрх мэдлийг авч, улмаар хүссэн шийдвэрээ гаргуулах лобби хийсэн нь ийнхүү эсэргүүцлийн үндсийг тавиад байна. Ирэх есдүгээр сард болох сонгуулийн тухайд Бээжин үр дүнг нь хянахыг оролдох нь тодорхой бөгөөд хэрвээ ингэж чадахгүй гэж үзвэл цуцалж ч мэдэх юм. Энэ тохиолдолд эсэргүүцлийн хөдөлгөөн улам идэвхжинэ үү гэхээс намжихгүй. Дээр нь, АНУ жагсагчдыг дэмжиж байгаа нь түгшүүр төрүүлж байна.
XI сар
Аун Сан Су Чигийн ажилд дүн тавих Мьянмарын парламентын сонгууль
Ирэх арваннэгдүгээр сард болох Мьянмарын парламентын сонгууль тус улс цаашид ардчиллын зам дээрээ үлдэх уу, гарах уу гэдгийг шийдэх чухал ач холбогдолтой сонгууль болно гэж шинжээчид дүгнэж байна. 2015 онд тус улс сүүлийн 25 жилийн түүхэндээ анх удаа чөлөөт ардчилсан сонгууль зохион байгуулсан. Энэ сонгуульд Нобелийн шагналт Аун Сан Су Чигийн тэргүүлдэг Ардчиллын төлөөх үндэсний лиг нам парламентын дээд, доод танхимд олонх болсон. Гэсэн ч сүүлийн таван жилд болж өнгөрсөн үйл явдлаас харахад Ардчиллын төлөөх үндэсний лиг нам дахин олонх болох магадлал багассан юм байна.
Ирэх сонгууль Ерөнхийлөгч хэн байхыг давхар шийдэх ач холбогдолтой. 2015 оны сонгуулийн дараа олонх болсон нам лидер Аун Сан Су Чигээ Ерөнхийлөгч болгох гэсэн ч Үндсэн хуулийн шаардлага хангахгүй байсан учир /Гадаад иргэнтэй гэр бүл болсон хүнийг төрийн тэргүүнээр томилохыг хориглодог. Аун Сан Су Чи англи нөхөртэй/ улсын зөвлөх гэдэг тусгай албан тушаал гаргаж өгсөн юм. Энэ цагаас хойш тэрээр эдийн засгаа либералчлахаар ажиллаж байгаа ч шашин болон ястан хоорондын мөргөлдөөнөөс болж нэр хүнд нь ихээр унасан. Мьянмарт 135 үндэстэн ястан, буддын болон лалын шашинтнууд амьдардаг. Эдгээрийн хооронд цуст мөргөлдөөн гарах тохиолдол бий. Ардчиллын төлөөх үндэсний лиг нам дээрх мөргөлдөөнүүдэд тодорхой, шийдэмгий арга хэмжээ аваагүйгээс болж “Улс оронд эмх замбараагүй байдал үүсээд байхад зүгээр суулаа” гэсэн шүүмжлэлийг дагуулаад буй. Өмнө нь засаглаж байсан цэргийн эрх мэдэлтнүүд одоо парламентынхаа суудлын дөрөвний нэгийг эзлэн сууж байгаа. Тэд хяналт тогтоож мөргөлдөөнийг эцэс болгоно гэж амлаад сонгуульд орвол ялах магадлалтай.
XI сар
Аллага хядлага нүүрлэсэн Буркина Фасогийн сонгууль
Африкийн Буркина Фасо улсын парламентын сонгууль ирэх арваннэгдүгээр сард болно. Ард иргэд энэ сонгуулиар гарч ирсэн улс төрийн хүчин улс оронд нүүрлээд буй өлсгөлөн гуйланчлал, аллага хядлагыг зогсоож чадах болов уу хэмээн найдлага тавьж байна. Африкийн улс орнуудад нэг удирдагчаа халаагүй олон жил засагласан жишиг нийтлэг бий. Буркина Фасо ч тийм бөгөөд 2015 онд болсон сонгуулиар 27 жил төр барьсан Блез Кампаорег огцруултал өнөөх нь шинэ Ерөнхийлөгч Кристиан Каборегийн эсрэг зэвсэгт тэмцэл эхлүүлж, улс орныг цусан далайд живүүлсэн юм. Африк даяар тэнүүчлэн хөлсний ажил хайж явдаг, хүн алахаас өөр юм хийж сураагүй энд тэндхийн алан хядах бүлэглэлүүдийг ашиглатал нөгөөдүүл нь тэндээ суурьшиж бөөн асуудал үүсгэсэн. Энэ эмх замбараагүй байдал сүүлдээ хөрш Малид хүртэл халдварласан. Ард иргэд нь өлсгөлөн гуйланчлалд зовж байсан ч гаднын тусламж хүртэх, хөрөнгө оруулалт татах боломжийг нь алан хядах бүлэглэлүүдээр хаалгаж байв. Энд үйлдэгдсэн террорист халдлагуудын олонх нь дээрх зорилгоор үйлдэгдсэн байдаг. Өнгөрсөн сард л гэхэд Канадын уул уурхайн компанийн ажилчдын амьдардаг тосгон руу халдаж, 37 хүний амь хөнөөж, 60 гаруйг нь шархдуулжээ. Хүчирхийлэл аллагыг зогсоож чадаагүй, цаашид ч чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч парламент нь 2019 оны нэгдүгээр сард бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон байдалтайгаар дараагийн сонгуулиа угтаж байна.
Д.Трамп дахин сонгогдох уу буюу АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль
Энэ жил дэлхийн улс төрийн үйл амьдралд болох хамгийн чухал үйл явдал нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль байх болно. Улс төр, эдийн засгийн нөлөөгөөрөө тэргүүлэх гүрний толгойд хэн залрахаас дэлхийн чиг хандлага тодрох учир ингэж дүгнэхээс аргагүй. Өрсөлдөөний тухайд, одоогийн Ерөнхийлөгч Д.Трамп гол хүн байх нь тодорхой байна. Сөрөг хүчнээс огцруулах асуудлыг оруулж ирсэн ч буулгаж чадахгүй нь бараг тодорхой биз ээ.
Д.Трампыг ирэх сонгуульд ялалт байгуулна гэж дүгнэх үндэслэлүүд бий. АНУ-ын сүүлийн таван Ерөнхийлөгчийн дөрөв нь дахин сонгогдсон. Мөн ажилгүйдэл яг одоо түүхэн доод төвшинд байна. Бүгд найрамдах нам түүний талд бат зогсож байгаа нь түүний бас нэг давуу тал. Ардчилсан намд ч бас өөрийн гэсэн давуу тал бий. 2018 онд болсон Завсрын сонгуульд ялалт байгуулсан. Олон улсын шинжээчдийн үзэж байгаагаар Дональд Трампын засаг захиргааны үед АНУ-ын гадаад бодлого улам бүр муудсаар буй. Бусад улс орныг “АНУ-ыг ашиглаж амьдарч байна” хэмээн буруутгах Д.Трампын үзлийг Европын холбоо, Англи, Япон, Өмнөд Солонгос зэрэг холбоотнууд нь хүлээн зөвшөөрөхгүй, дургүйцэж байгаа. Гэхдээ энэ бүхэн нь АНУ-ын эрх ашгийн төлөө тул сонгуулийн үр дүнд нөлөөлөх магадлал бага.
Д.Трамп ялсан тохиолдолд БНХАУ- тай хийх худалдааны дайн үргэлжилж, улмаар бүс нутгийг хамарсан дайн дэгдэх магадлал өндөрсөхийг шинжээчид сануулж байгаа юм.