К-попыг Энэтхэгт нутагшуулна

К-поп ертөнцийн хүчирхэг төлөөлөл "HYBE Labels" компани дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэгт салбартай болжээ. Тус компанийн салбарууд Япон, АНУ, Латин Америк, Хятадад бий.
Дэлхийн стратегийн газрын зурагт оруулсан гол нэмэлт гэж тэд энэ алхмаа тайлбарлаж байна. Үүний зорилго нь дэлхий даяар К-поп экосистемийг бий болгох явцыг хурдасгах юм."HYBE Labels"-ийн гол стратеги нь энэ салбарыг төрөл бүрээр, өөр өөр газарзүйн байршлуудад дэлгэрүүлэх. Хамгийн амжилттай болсон төслүүдийн нэг бол "HYBE America" болон "Geffen Records"-ийн үүсгэн байгуулсан "KATSEYE" хамтлаг. Тус хамтлаг өөрсдийгөө К-поп хамтлаг гэж шууд зарладаггүй ч гэлээ Өмнөд Солонгосын хөгжмийн шоунд оролцож, хатуу дэг жаягтайгаар бэлтгэл сургуулилалтаа хийх зэргээр салбарын дүрэм журмыг ягштал мөрддөг.
Яагаад Энэтхэг гэж?
Мэдээж хүн амын тооноос шалтгаалаад Энэтхэг бол сонирхол татах байршил. 1.4 тэрбум гаруй хүн амтай тус улсын иргэдийн дундаж нас 29. Тэгэхээр үүнийг К-попын үндсэн үзэгчидтэй нийцсэн хүн ам зүйн дүр төрх гэж хэлнэ.
Хоёрдугаарт, Энэтхэг нь дэлхийн хамгийн том хөгжмийн урсгалын зах зээлүүдийн нэг юм. Тус улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын холбооны мэдээлснээр тус улс 185 сая гаруй стриминг хэрэглэгчтэй бөгөөд энэ нь АНУ-ын дараа орох хоёр дахь том зах зээл болно. Тэр дундаа К-поп урсгалын эрэлт сүүлийн үед ихэсч байгаа аж. 2018-2023 оны хооронд Энэтхэгт К-поп урсгал 362 хувиар өссөн гэх тооцоолол бий.
Шинжээчид энэ өсөлтийг интернет болон ухаалаг утасны хэрэглээ нэмэгдэж, дэлхийн стриминг үйлчилгээний хүртээмж сайжирсантай холбон тайлбарлаж байна.Хойд Америк, Зүүн өмнөд Азиас ялгаатай нь Энэтхэг нь Солонгосын энтертайнмент компаниудын хувьд шинэ зах зээл. Болливуд гэх мэт дотоодын энтертайнмент салбар нь хүчтэй учраас Энэтхэгийг эрсдэлтэй бооцоо гэж харсаар ирсэнтэй энэ нь холбоотой.
ЭХ СУРВАЛЖ: KOREA TIME