Г.Батхүү агсны ар гэрийнхнийг мэхлэж 15 сая төгрөг авчээ



Г.Батхүү агсны гэр бүлийн өмгөөлөгч Ж.Батхуяг мөрдөн шалгах ажиллагааны баримтыг олон нийтэд зарлахын сацуу бодит бус мэдээлэл тараасан тул хэрэг үүсгэн шалгаж байгаа тухай Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэв. 
Энэ талаар Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга П.Эрдэнэбилэг, "Өнгөрсөн сарын 22-нд Г.Батхүү агсны гэр бүлийн өмгөөлөгч хэвлэлийн бага хурал зохион байгуулахдаа, амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон шинжээчийн болон гар утсанд хийсэн шинжилгээний дүгнэлт, фолиграфын магадлагаа, хохирогчийн ар гэрийнхэн рүү нэр бүхий этгээдийн бичсэн хуурамч мессеж зэргийг прокурорын зөвшөөрөлгүй олон нийтэд задруулсан. Тиймээс энэ хэрэгт мөрдөн шалгах ажилд саад учруулсан хэмээн хэрэг нээн шалгаж байна. Хохирогчийн ар гэрээс ирүүлсэн 13 секундын цахим мэдээ гэсэн асуудал яригдсан. Үүнд Г гэгч этгээд энэ мэдээллийг хуурамчаар зохиож хохирогчийн ар гэрийнхнээс 15 сая төгрөг авсныг ноднин тавдугаар сарын 28-нд тогтоож мөрдөн шалгаж байна. Энэ этгээд нь дээрхээс гадна зургаан удаагийн үйлдлээр 269 сая 101 мянга 575 төгрөгийг бусдаас залилж авсныг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс мөрдөн шалгаж тогтоон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн” хэмээлээ. 
Дараа нь ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү зарим цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. 2004 оны тавдугаар сард Дорноговь аймагт амиа алдсан Т гэгч иргэнийг хөнөөсөн байж болзошгүй сэжигтэй этгээдийг тус аймгийн цагдаагийн газар, Мөрдөн байцаах албатай хамтран илрүүлснийг тэрбээр мэдээллээ. Уг хэргийг 1968 онд төрсөн, А гэгч нь хувийн тааламжгүй харьцаанаас болж үйлдсэнийг ийнхүү 16 жилийн дараа илрүүлж байгааг тэмдэглэв.
Эрүүгийн цагдаагийн алба 1997 онд төрсөн Б гэгчийг өнгөрсөн долоо хоногт дайчлан баривчилжээ. Урьдчилсан байдлаар, дээрх этгээд нь 35 удаагийн үйлдлээр бага насны хүүхдийг хуурч мэхлэн хүнгүй газар аваачиж айлган сүрдүүлж эд зүйлийг нь дээрэмддэг болохыг тогтоожээ. Сургууль, цэцэрлэг амарсантай холбоотой хүүхэд гэмт хэрэгт өртөх явдал цөөнгүй гарч буйг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү тодотгоод, эцэг эхчүүд бага насны хүүхдээ гадуур гаргахгүй байхыг анхааруулав. Ингэснээр, нэгдүгээрт халдварт өвчнөөс хамгаалахаас гадна гэмт хэрэгт хохирохоос урьдчилан сэргийлнэ гэдгийг тэмдэглэлээ. 
Цагдаагийн байгууллагаас уламжлал ёсоор “Сар шинэ-2020” нэгдсэн арга хэмжээг өнөөдрөөс хоёрдугаар сарын 28-ныг хүртэл цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хүрээнд эхлүүлжээ. Энэ жилийн хувьд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг тэргүүлэх чиглэл болгохын сацуу иргэдэд хууль сурталчилж эрх зүйн боловсролыг нь дээшлүүлэхэд голлон ажиллахаар төлөвлөжээ. Мөн орон нутгийн замд зам тээврийн осол гарахаас урьдчилан сэргийлэх хүрээнд нэмж хяналтын цэг байгуулах, эргүүлж ажиллуулна гэдгийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү дуулгалаа. Тэрбээр, “Баярын өдрүүдэд замын түгжрэл үүсэхээс сэргийлж хотоос гарах болон гэр хорооллын замд замын цагдаагийн алба хаагчдыг нэмж ажиллуулна. Үүнээс гадна цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид, сонсогчид явганаар эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ. Орон нутагт гарсан малын хулгайн гэмт хэргийг мөрдөн шалгаж байна. Иргэд малаа байнга хариулах, хариуцсан хүнтэй бэлчээрт явуулж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна” гэв.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ