Хунань мужид шувууны томуу дэгджээ
Хятадын төв нутгийн Хунань мужид “H5N1” вирусээр үүсгэгддэг шувууны томуу дэгдсэн талаар тус улсын Хөдөө аж ахуйн яам мэдээлжээ. Хунань муж нь коронавирусний халдвар хурдацтай тархаж буй Хубэй мужтай зэргэлдээ оршдог юм.
“Хунань мужийн Шаоян хотын Шуанчин дүүргийн фермд шувууны томуу дэгдсэн бөгөөд уг фермийн 7850 тахианаас 4500 нь үхсэн. Орон нутгийн холбогдох албаны төлөөлөгчид 17828 шувууг устгасан” гэж Хөдөө аж ахуйн яамны мэдэгдэлд дурджээ.
Хунань мужид бүртгэгдсэн “H5N1” вирус хүнд халдварласан тохиолдол байхгүй байна. “H5N1” шувууны томууны вирус нь шувуунуудад амьсгалын замын өвчин үүсгэдэг бөгөөд хүнд халдварладаг байна. Хятадад 1996 онд анх галуунаас илэрсэн уг вирусээр халдварласан шувууд үхэх нь элбэг байдаг.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ мэдээлснээр, шувууны томуу хүнээс хүнд халдварлах боломжтой хэдий ч тийм хялбархан халддаггүй байна. “Шувууны томууны вирусээр халдварласан хүмүүсийн дийлэнх нь шувуутай удаан хугацаанд ойр ажилласан хүмүүс байсан” гэж АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ.
“2003-2019 онд “H5N1” вирус хүнд халдварласан 861 тохиолдол бүртгэгдсэнээс 455 нь нас барсан” гэж ДЭМБ-ын тайланд мэдээлжээ. Сүүлийн 16 жилийн хугацаанд Хятадад шувууны томуу хүнд халдварласан 53 тохиолдол бүртгэгдэж, 31 хүн нас барсан байна.