М.Энхбаатар: Байгаль, цаг уураас шалтгаалаад нутаг болгон өөрийн зан заншилтай

Шинжлэх ухааны академийн Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн Хэрэглээний угсаатан судлал, биет бус соёлын өвийн төвийн эрдэм шинжилгээний ажилтан М.Энхбаатартай ярилцлаа.
-Таны судалгааны ажил сонирхол татаж байна. Яагаад заавал мал аж ахуйн талаар сонирхох болов?
-Монголчуудын амьдрах онцлог нь Төв Азийн өндөрлөгт бэлчээрийн мал аж ахуй эрхэлж, өргөн уудам нутагт цөөхөн хүн амтай, нүүдлийн хэлбэрээр амьдарч байна. Би оюутан байхдаа уяа зангилааны талаар бакалаврын ажлаа бичиж байсан. Гэрээ ачаалаад хөсгөн дээрээсээ ачаа бараагаа унагачихгүй явах эхний зарчим бол мэдээж уяа, үүнээс үүдээд зангилаа хэрэгтэй болно. Цаашлаад морио тушиж аргамжихад чангарахгүй хөвөрхий тооно тушна. Аль эсвэл хөвөрхий биш ч гэсэн өөр маягаар тушна. Уяа зангилаа нь соёлын утгаараа тэмдэг тэмдэглэгээг заах үүрэгтэй байсан. Говийн угсаатны зүйн мэдээг сонирхож байхад нүүдэл хийхдээ бууцан дээр шав тавиад юм уу, өвсөөр тэмдэглэгээ хийж үлдээдэг байсан тухай бичсэн байдаг. Сайн эрчүүд овоон дээр гарч адууны хялгас зангидаад түүнийг нь бусад сайн эр нь хараад хаашаа, хэдэн адуу хөөж явааг мэддэг байсан гэсэн аман яриа зүүн аймгуудын малчдын дунд байдаг. Үүнээс улбаалаад энэ сэдвээ илүү өргөн хүрээнд судалж мал аж ахуй, отор нүүдлийн талаар сонирхох болсон.
-Одоо цаг үеэ дагаад хөсгөөр нүүдэл хийх нь ховор болсон шүү дээ?
-Нүүдэл нь монголчуудын бэлчээр ашиглах арга ажиллагаа юм байна. Энэ нь үндэстнийхээ хувьд биеэ даасан, цогц соёлыг агуулж байгаа юм. Нүүдлийн өмнөх буюу шинэ нутгаа үзэж ирчихээд гэрээ төхөөрөх, хөсгөндөө ачих, ачаагаа хөтлөөд явах зэргээс хамаардаг. 2000 оноос хойш ердийн хөсгийн хэрэглээ багассан. Гэвч зарим нутагт ердийн хөсөг хэвээр байна. Орчин үеэ дагаад бид машинаар нүүж байгаа ч газарзүйн онцлогтой газруудад үхэр тэргээр нүүдэг. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Бугат суманд судалгаа хийж байхад зуны цагт машинаар нүүдлээ хийлээ ч гэсэн цаг хатуураад цаад Алтай руугаа хөвчдөө орохоор яалт ч үгүй тэмээ нуруу ачаа ачиж нүүдэг. Мэдээж цөөхөн айл ингэж нүүж байгаа. Бидний энэ соёл өвлөгдөн үлдэж, үр хойчид уламжлагдах ёстой. Нүүдэл хийх нь уламжлалт эрдэм ухааны хүрээнд бол хүн, малгүй баясаж, жаргал мэт ойлгогдож байдаг учиртай.
-Нүүдэл гээд ярихаар мэдээж отор нүүдэл зайлшгүй ярих хэрэгтэй болно. Өвөл отор хийхийг хээлтэй бог малд муу гэдэг?
-Отрын хувьд улирлаасаа хамаарч нүүдэг. Өвөлд битгий нүү, зунд битгий суу гэдэг. Гэхдээ цаг хатуурчихсан, нүүхээс өөр аргагүй газар нутаг гэж бий л дээ. Өвлийн отрын тухайд малаа онд мэнд оруулах гэж явж байна. Хаврын отор малаа эрт ногоо идүүлэх, зуны хувьд таргалуулах, намар малынхаа таргыг хайлуулахгүй, хүчийг нь хадгалаад үлдэх зорилготой. Хамгийн сүүлд өнгөрсөн арваннэгдүгээр сард Завхан аймгийн Их-Уулын оторчдын дунд судалгаа хийхэд тэд Алтайн нурууны араас өвөр рүү нь орж ирж байсан. Булган аймгийн Гурванбулаг сумын Хар усын голын эх рүү Хангайн нуруугаар давж Хар усны даваа, Шар усны даваагаар ихэнх отор нүүж байна.
Төвийн аймгуудын нутгаар бэлчээрийн даацгүй болж байгаа нь үнэн. Үүнээс үүдээд айлууд өвөл нүүж байна гэж яриад байгаа нь тийм биш. Хуучин нүүдэл хийдэг байсан агуулгаасаа их өөрчлөгдөөгүй. Малчид оторлож нүүхдээ зөвшөөрөлгүй нүүдэггүй байсан. Өмнө нь хошуу ноёнд оторлох тухай мэдээлж харилцан гэрээний түвшинд нүүдэг байсан юм билээ.
Архивт ган, зуд болсон учир өөр хошуу руу нүүдэллэсэн гэсэн нугалбар бичгүүд тааралддаг. Өнөөдөр ч гэсэн оторчид ихэнх тохиолдолд тодорхой газарт нь зөвшөөрөлтэй байж л нүүж байгаа. Залгаа сумд руугаа буюу хүн, малгүй дассан газар руугаа нүүдэг.
-Хүүхэд байхад бид хол, ойр нүүдэл хийсэн ч, малдаа явсан ч мориор малаа туудаг байлаа. Одоо машин, мотоциклиор хөөж байна. Энэ нь малын тарга хүчинд хэр зохимжтой байдаг юм бол?
-Дундговь аймгийн Адаацаг сумын Хөдөлмөрийн баатар малчин Бямбын Дашзэвэг гэж хүн надад хэлж байсан. “Малын төвгийг малаар нь төвөглө” гэж миний дээд үеийн өвгөчүүл хэлдэг байсан гэж. Энэ нь малыг малаар нь хариул гэсэн үг юм. Ингэснээр бэлчээрийн мал аж ахуй, байгальдаа ч зохицдог учиртай. Малын аяд тааруулах, малын гишгэгдэл тааруулах гэж байна. Харин машин тэргээр малаа хариулна гэдэг тоос татуулахаас авахуулаад машин тэрэгнээсээ хонь мал үргэх сөрөг талтай. Текникээр хариулахад морьтой явж байгаа шигээ малын мөр, малын согогийг харж чадахгүй. Харин мориороо хариулбал, энэ хонь яагаад идэхгүй гүйгээд байна гэхээс эхлээд илүү ажиглалт хийнэ. Малчин хүн байгаль дэлхийгээ давхар ажиглана. Дараа жил хаашаа нүүх, маргааш ямар өдөр болох нь вэ гэж тэнгэр шинжихээс эхлээд олон зүйлийг эргэцүүлдэг. Хүн, мал хоёрын харилцаанаас мэдэж авдаг. Гэвч нөгөө талдаа бид орчин үеэ дагаад текник унахаас өөр аргагүй болж байгаа юм. Техник унаж хариулна гэдэг цаг хожиж байгаа ч сөрөг тал олонтой байдаг.
-Үүнийг дагаад монголчуудын адуу эдлэх соёл алдагдаж байна гэж ярих боллоо?
-Тэгэлгүй яахав. Адуу их ухаантай амьтан. Хүүхдээ голсон эхийг хүүхдийг нь авахуулахын тулд 1000 адууны хөлд тавихад адуу гишгэхгүй гардаг гэж ардын аман соёлын зүйлд бий. Үлийнд бүдрэхгүй тойроод гардаг. Мөн унаган адуу эзнээ хаядаггүй зэрэг аман яриа бий. Адууг дайн байлдаан, аян жин, өртөө улаа, уналга эдэлгээ, гоёлд унаж эдэлдэг. 1000 малтай, 1000 адуутай хүн хонхортоо нэртэй байдаг. Хурдан адуу эр хүний хийморь лундааг, мөн хошуу нутгаа нэрд гаргадаг. Учир нь уралдаж ирсэн мориныхоо хөндүүрийг гаргаж алсаас нимгэн байлгана гэсэн үг юм. Монгол эрчүүд хурдан морь уяхдаа айрагдаж, түрүүлүүлэхийг урьтал болгодоггүй. Хүүхэд, морь эсэн мэнд наадахыг л чухалчилдаг. Тиймээс морь уралдаж ирэхэд уяачид “Мэнд сайхан наадав уу” гэхэд “Хүүхэд, морь мэнд сайхан наадлаа” гэж хариулдаг.
Хурдан морины уяа хуучин цагийн цагаан өвсөөр уядаг байсан үеэ бодвол арай өөр хэв маягтай болж байна. Ялгаа нь тэжээл өгч байна. Мөн л газар нутаг, төв суурин газраасаа хамаарч уяачдын арга барил өөр болсон. Төв газрын уяачид тэжээлийн арга барилдаа ахисан түвшинд уяж байна.
-Таны бага нас хөдөө өнгөрсөн үү. Судалгааны ажил эхлүүлэхэд мэдээж өссөн орчин их нөлөөлсөн байх?
-Мэдээж хөдөө өссөн болохоор энэ бүхэн нөлөөлсөн. Миний аав малч хүн байсан. Тэр тусмаа адуунд их хайртай, унаган адуугаа уяж уралдахыг илүүд үздэг. Адуундаа яваад ирэхдээ азарга, гүүний зохицлыг ажиглаад энэ хоёрын дундаас хурд төрнө дөө ч гэдэг юм уу, малтайгаа харьцаж байгаа нь арай өөр байжээ гэж санагддаг. Наадамд морь уяхдаа айрагдаж түрүүлүүлэхээс илүүтэй унаач хүүхэд, уясан морь, уяач гурвын хорыг дарахыг илүү чухалчилдаг хүн байлаа. Аавын минь энэ бүхэн сэтгэлд тод үлдсэн. Бэлчээрийн мал аж ахуй, өв уламжлалын талаар жаахан бичиж үлдээх юмсан, өвгөдийн хууч яриаг сонсож тэмдэглэж авч үлдээхгүй бол болохгүй гэсэн судалгааны болон тухайн хүний зорилго мэдээж байна. Монгол үндэстний өв уламжлал, ёс заншил бол ганцхан бэлчээрийн мал аж ахуй, отор нүүдлээр хязгаарлагдахгүй баялаг. Үүнийг илүү их таньж мэдэх хэрэгтэй. Бидний үнэт зүйл үүн дотор л байгаа.
-Судалгааны явцад сонирхлыг тань татсан зүйл юу байв?
-Надад сонирхолтой гэж санагдсан зүйл бусдын сонирхлыг татахгүй ч байж мэднэ. Нутаг болгон өөрийн байгаль, цаг уураас шалтгаалаад зан заншил нь өөр байдаг. Тухайлбал, баруун аймаг руу малаа сайн дагаж харж байхгүй бол уул хадан дундуур ороод алга болчихно. Хээрийн амьтан хүртчих гэмтэй. Тиймээс уугуул нутгийн хүмүүс их ажилсаг хичээнгүй байх жишээтэй. Харин зүүн аймгууд руу бол тэнүүн тал нутагтай учир малчид нь тайван байхаас өөр аргагүй. Уул хад руу ороод алга болно гэж айх аюул байдаггүй. Энэ бүхнээс хамаарч малын тоног хэрэгсэл, арга ажиллагаа өөр байна. Идээ ундаа нь хүртэл ялгаатай. Сонирхолтой зүйл гэвэл Завхан аймгийн Их-Уул суманд 30 жил оторт явж байгаа айл байна. Ингэж олон жил явахаар хүн, малгүй дасчихсан байна. Мал ч өвсний соргог, усны цэнгэг рүү явахдаа дуртай. Малынхаа тарга тэвээрэг авч буйг харахаар малчин хүний сэтгэл ч баясна. Тиймээс малчин хүн өвсний гарц муутай нутаг руу нүүхгүй. Судалгааны явцад гуна үхрийг нүүдэлд хамгийн сүүлд араас нь зүүж явдаг гэж ойлгож байсан. Гэтэл сургаж байгаа гуныг нүүдлийн эхний шартай холбохоос гадна тэрэгнийхээ дундаас уясан нь сонирхолтой харагдсан.
-Манай бэлчээрийн аж ахуй, нүүдэл бусад улсаас юугаараа онцлогтой вэ?
-Ямар ч газрын соёл нэг нь нөгөөгөөсөө илүү, дутуу гэж байдаггүй. Манай нүүдлийн онцлог нь байгальтайгаа хамгийн ойр, байгальд хор хөнөөл учруулдаггүй амьдралын хэвшилтэй. Нэг үгээр хэлбэл, байгалиа хамгаалж байдаг. Энэ нь бид бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэгтэй шууд холбоотой. Малчин хүн малтайгаа ойр байснаар бид нинжин сэтгэлтэй болдог. Учир нь мал чинь эзнээ үймрүүлнэ, баярлуулна, хүмүүжүүлнэ. Монгол хүний онцлог, үнэт зүйлээс тухайн хүн төлөвшиж байгаа юм болов уу гэж хувьдаа дүгнэдэг. Одоо жаахан хөндийрөөд байгаа нь ажиглагдаж байна. Малын бүх юм монгол хүний биед зохицсон байдаг. Ганцхан мал гэхээр мах гэсэн ойлголт байж болохгүй, бүх зүйл нь шим тэжээл ихтэй. Хэрэглэхгүй орхидог зүйл нэг ч байдаггүй. Хүйтэнд мал өлчир болдог учраас бидний биед дархлаа суудаг. Бидний бэлчээрийн аж ахуй эрхэлдгийн нэг давуу тал энэ гэж боддог.
А.Доржханд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин