Эрүүл мэндийн салбарт GS1 системийг хэрэгжүүлнэ
Эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж болон эмчилгээ, үйлчилгээнд зураасан кодын системийг үе шаттай хэрэгжүүлэн ажиллахаар боллоо.
ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төв (ЭМХТ) эм, оношлуур, биологийн идэвхт бүтээгдэхүүн бүртгүүлэгч байгууллагын төлөөлөлд зориулсан сургалт-уулзалт зохион байгуулж, эрүүл мэндийн салбарт GS1 систем буюу зураасан кодыг хэрэгжүүлж, цаашид хамтран ажиллах боломжуудын талаар мэдээлэл өгч санал солилцлоо.
ЭМХТ өөрийн үйл ажиллагаа, холбогдох эрх зүйн баримт бичгүүдийн хэрэгжилт, бүртгэлийн хугацаа, сунгалт болон шинэчилсэн журмыг танилцуулав. Үүнээс гадна Сангийн яамны харьяа Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв (ГТСМТТ)-өөс Гаалийн ерөнхий газар, Үндэсний статистикийн газар болон "GS1 Mongolia" нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлж байгаа Бараа, бүтээгдэхүүний бүртгэлийн нэгдсэн системийн талаар танилцууллаа.
Бүртгэлийн шинэчилсэн журам болон бүртгэлийн системд GS1-13 кодоор бүртгүүлж байхаар тусгаад байгааг мэдээллээ.Цаашид эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж болон эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээнд тус системийг үе шаттай хэрэгжүүлэн ажиллахаар боллоо. GS1 Healthcare, олон улсын сүлжээнд нэгдэх, бусад орны туршлагаас суралцах, хамтран ажиллахыг уриаллаа.