Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн болзошгүй аюулын бэлэн байдлыг шалгав
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээр ахлуулсан баг шинэ коронавируст халдвар гарсан нөхцөлд УлсынНэгдүгээр төв эмнэлгийн болзошгүй аюулын бэлэн байдлыг шалгалаа.
Тус эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч С.Алтансүх ерөнхий захирлын тушаалаар шинэ коронавируст халдварыг тусгаарлах, хэвтэн эмчлүүлэх 40 ор бүхий тасаг, ажиллах эмч, сувилагч, асрагч, тэдний өмсөх нэг удаагийн хувцас хэрэгслийн бэлэн байдлыг хангасан тухай танилцуулав. Эмнэлгээр үйлчлүүлж буй бусад өвчтөнд халдвар тархаахгүйн тулд тусгаарлах улаан бүс, ариутгал халдваржуулалт хийх шар бүс, халдваргүй буюу ногоон бүс гэж ангилжээ. Эмч, сувилагч нар тусгайлан бэлтгэсэн өрөөнд зориулалтын хувцас хэрэгсэл өмсөн улаан, шар бүсээр нэвтэрч хэрхэн ажиллах үзүүлэх сургалт хийж танилцуулав.
Амбулатори болон Яаралтай тусламжийн тасгаас сорьц авсан шинэ коронавирусний сэжигтэй өвчтөнг тусгаарлах хэсэгт шилжүүлэх эмнэлгийн гадуур тээвэрлэх зураглал гаргасан байна. Мөн тусгаарлах хэсгээс амьсгалын дутагдал гүнзгийрсэн, зохиомол амьсгал үргэлжлүүлэх шаардлагатай өвчтөнг эрчимт эмчилгээний тасгийн тусгаарлах хэсэгт шилжүүлэх зураглал гаргажээ.
УНТЭ-ийн Ерөнхий захирал Т.Мөнхсайхан,“Эмнэлгийн хэмжээнд шинэ коронавирусний халдвар илэрсэн нөхцөлд хэрхэн ажиллах, хувцас хэрэгслээ өмсөж хэвших, хэрхэн ариутган халдваргүйжүүлэх зэргээр бэлтгэл хангаж байна. Одоогоор 40 ор бэлтгээд байна. Сорьц өгсөн сэжигтэй өвчтөнг тусгаарлах хэсэгт 6, сорьц эерэг гарсан, амьсгалын дутагдалгүй, цусны эргэлт хэвийн өвчтөнд зориулсан 24, амьсгалын дутагдалтай, хүчилтөрөгчийн хэрэгцээтэй өвчтөнд зориулсан 10 ор бэлтгэсэн. Нэмэлтээр 15 ор гаргах боломжтой” гэв.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл УНТЭ-ийн бэлэн байдалд сайн үнэлгээ өгч, бэлэн байдалд ажиллахыг үүрэгдлээ. Мөн тэрбээр, “Хэрэв халдварын тохиолдол гарвал нэг өвчтөнтэй харьцаж 4-5 эмч, сувилагч улаан бүсэд өдөрт 5 удаа нэвтрэн ажилладаг. Тэгэхээр нэг удаагийн хувцас хэрэгсэл, ариутгалын бодис маш их хэрэгтэй юм. Одоогоор нэг удаагийн хувцас хэрэгсэл хангалтгүй байгаа учраас Засгийн газарт хандах болно” гэлээ.