Амны хаалт халдвараас сэргийлэх үр дүнтэй арга мөн үү

 Амны хаалтаа зөв хэрэглэж, байнга солих нь халдварт өвчнөөс урт хугацаанд үр дүнтэй хамгаалдаг болох нь судалгаагаар нотлогдсонДЭМБ-аас даавуун биш, нэг удаагийн буюу гурван давхар цаасан амны хаалт хэрэглэхийг зөвлөсөн. Бүтэн өдрийн турш солихгүй бол түүнд хуримтлагдсан бактериар амьсгалж өнжинө гэсэн үг
Амны хаалтыг элдэв төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор дэлхий нийтээрээ ашигладаг. Сүүлийн үед Хятадаас гаралтай коронавирусийн халдварын дэгдэлт өндөр байгаа тул амны хаалтын хэрэглээ улам нэмэгджээ. Ялангуяа Хятадад ийм дүр зургийг хаа сайгүй харж болно.Мэс заслын маскийг анх ХVIII зууны сүүлчээр эмнэлгүүдэд нэвтрүүлсэн ч 1919 онд 50 сая хүний амийг авч одсон Испанийн томуугийн дэгдэлт хүртэл нийтийн хэрэглээ болж чадаагүй байна. Харин одоо амны хаалтын ач холбогдлыг нийтээрээ ойлгож, өргөн хүрээнд хэрэглэх болжээ. Гэхдээ вирусээс хамгаалах хамгийн найдвартай арга нь амны хаалт мөн үү. Энэ талаар асуудал хөндсөн нэгэн нийтлэл BBC.com сайтад гарчээ. Үүнийг тоймлон хүргэе. Лондоны их сургуулийн доктор Дэвид Каррингтон BBC-д ярилцлага өгөхдөө "олон нийтэд зориулсан амны хаалт нь агаарт тархсан вирус, бактерийн эсрэг үр дүнтэй хамгаалалт биш” болохыг онцлов. "Гэхдээ ханиаж, найтаах зэргээр бусдад вирус тараахаас сэргийлэх гол арга нь амны хаалт хэрэглэх явдал” хэмээн тэрбээр нэмж тодотгожээ. Түүнчлэн Ноттингемийн их сургуулийн молекул судлалын профессор Жонатан Болл хэлэхдээ эмнэлгийн нөхцөлд ашигладаг, маш сайн шүүлтүүртэй хаалт нь вирусийн халдвараас сэргийлэхэд үр дүнтэй байдаг гэв. Гэхдээ ийм хаалтыг нийтийн хэрэглээ болгоход учир дутагдалтай болохыг тэрбээр хүлээн зөвшөөрсөн. Харин Белфастын их сургуулийн анагаах ухааны хүрээлэнгийн доктор Коннор Бэмфорд вирусийн тархалт өндөр үед амны хаалт зүүхээс гадна хувийн ариун цэврээ сахих нь чухал болохыг сануулсан юм. "Гараа сайтар угаа. Гараа угаагаагүй үед нүүр, амандаа хүрэх хэрэггүй. Хувийн ариун цэврийг сайн сахих нь вирусээс хамгаалах үр дүнтэй арга байх болно” хэмээн тэр ярьжээ. Түүнчлэн Английн Нийтийн эрүүл мэндийн албаны доктор Жейк Даннинг "Амны хаалтаа зөв хэрэглэж, байнга солих нь халдварт өвчнөөс урт хугацаанд үр дүнтэй хамгаалдаг болох нь судалгаагаар нотлогдсон юм шүү. Хамгийн гол зөв хэрэглээ чухал болохыг олон нийт ойлгох хэрэгтэй” хэмээн сануулжээ. Манай эрүүл мэндийн албаныхан ч үүнтэй ижил зөвлөгөө өгдөг. Тухайлбал, ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Амны хаалтыг зөв хэрэглэхгүй бол хэрэглээгүйгээсээ илүү сөрөг үр дагавартай. Нэг удаагийн амны хаалтыг дээд тал нь хоёр цаг зүүгээд солих ёстой. Гэтэл иргэд бүтэн өдрийн хэрэглээ гэж ойлгоод байгаа нь буруу. Нэг удаагийн амны хаалт хоёр цагийн хугацаанд агаарыг шүүж, түүнээс хэтэрвэл шүүж чадахгүй. Амны хаалтаа бүтэн өдрийн турш хэрэглэнэ гэдэг түүнд хуримтлагдсан бактериар амьсгалж өнжинө гэсэн үг” гэв. Харин ХӨСҮТ-ийн Халдвар судлаач их эмч М.Цолмон "Амны хаалт нь тухайн өвчтэй хүнийг ярих, найтаах үед амнаас нь гарах дуслыг хязгаарлах зорилготой байдаг. Амны хаалт нь ам, хамрыг битүү далдалсан байх ёстой. Мөн хоёр цаг тутамд солих хэрэгтэй. Амны хаалтыг солихдоо урд талаас нь гараараа барихгүй, зөвхөн хоёр бүчнээс нь барьж тайлна. Ингээд хэрэглэсэн амны хаалтаа зориулалтын битүү саванд хийнэ. ДЭМБ-аас даавуун амны хаалтыг зөвлөхгүй байгаа. Харин нэг удаагийн буюу гурван давхар цаасан амны хаалт хэрэглэхийг анхааруулж байна” гэсэн юм.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ