Уханиас бараа, бүтээгдэхүүн импортлоогүй
Шинэ коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр гаалийн байгууллагаас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар ГЕГ-ын албаныхан мэдээлэл хийлээ.
Энэ оны эхний нэгдүгээр сарын байдлаар экспорт, импортын хэмжээ буурсан тухай Гаалийн ерөнхий газрын статистикийн хэлтсийн дарга Б.Цэрэн хэллээ. Нийт 459 мянган сая ам.долларын экспорт хийсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 24.4 хувиар буурсан байна. Экспортын 95 орчим хувийг БНХАУ эзэлдэг бол импортын 26 хувийг БНХАУ, 40 хувийг ОХУ эзэлдэг аж. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор амны хаалт, ариутгалын бодисын импорт нэлээд өсчээ. Өнгөрсөн оны нэгдүгээр сард нийт 500 мянган амны хаалт импортоор орж ирсэн бол энэ оны нэгдүгээр сард 68 мянга 700 ширхэг, хоёрдугаар сарын байдлаар 1 сая 944 мянган амны хаалт орж ирсэн байна. Үүнд нийт 15 аж ахуйн нэгж 10 гаруй хувь хүн БНСУ, БНХАУ, Турк зэрэг улсаас амны хаалт, маскийг импортоор оруулж ирсэн байна. Мөн ариутгал, цэвэрлэгээний бодис өнгөрсөн оны мөн үеийнхээс хоёр дахин нэмэгдсэн” гэсэн юм.
Сарын хугацаанд 79 зөрчил илэрчээ
Энэ үеэр 2020 оны нэгдүгээр сард гаалийн байгууллага 79 удаагийн зөрчил илрүүлсэн тухай тус газрын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатар хэлсэн. Дээрх зөрчлийн ихэнх нь татвар төлөхөөс зайлсхийх, бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар нэвтрүүлэх, гаалийн хууль тогтоомж зөрчсөн бусад зөрчил илэрсэн байна. Илэрсэн зөрчлүүдэд нийт 64.7 сая төгрөгийн торгууль ногдуулж 75.8 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн байна.
Энэ сард урд хөршөөс тахианы мах импортлоогүй
Харин ГЕГ-ын эрсдэлийн удирдлагын хэлтсийн ахлах байцаагч Г.Энхтайван “БНХАУ-тай хиллэдэг 13 хилийн боомт байдаг. Засгийн газрын хуралдаанаар Монгол Хятадын хилийн боомтуудаар нэвтрэх иргэдийн хөдөлгөөнд хоёрдугаар сарын 1-ний өдрөөс гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд хязгаарлалт хийх тогтоол гарсан. Уг тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Он гарснаар БНХАУ-ын Ухань хотоос импортолсон бараа Монгол Улсад байхгүй. 2020 оны нэгдүгээр сард Монгол Улс 1200 тонн тахианы мах, 13.8 сая ширхэг өндөг импортолсон байна. Тахианы махыг зөвхөн БНХАУ-аас импортолсон бол хоёрдугаар сар гарснаас тахианы мах импортлоогүй байна. Өндөгний хувьд зөвхөн ОХУ-аас импортолсон байна.