Тахианы мах, махан бүтээгдэхүүний импортыг хязгаарлажээ
Коронавирусээс гадна БНХАУ-ын Хунань, Шинжаан мужид шувууны томуу гарсантай холбогдуулан тус улсаас тахианы мах, шувууны өндөг импортлохыг хязгаарласан тухай Гаалийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлэв.
Тодруулбал, БНХАУ-ын Хунань мужид H5N1, Шинжаан мужид H5N6 вирус дэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор МХЕГ болон ЭМЯ-наас Гаалийн ерөнхий газарт зөвлөмж ирүүлжээ. Уг зөвлөмжийн дагуу тус байгууллага БНХАУ-аас тахианы мах, махан бүтээгдэхүүн, тахианы тэжээл, өндөг зэргийг хязгаарлажээ. Хоёрдугаар сар гарснаас хойш энэ төрлийн бүтээгдэхүүн Монгол Улс импортлоогүй. Харин энэ оны нэгдүгээр сарын хувьд, БНХАУ-аас 1200 тонн тахианы мах, 13.8 сая ширхэг өндөгийг Монгол Улс импортложээ. Өндөгний хувьд, 100 хувь ОХУ-аас импортлосон байна.
Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 30-ны хуралдааны шийдвэрийн дагуу БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтуудаар нэвтрэх зорчигчдийн хөдөлгөөнд хоёрдугаар сарын 1-нээс хязгаарлалт хийснийг ГЕГ-ын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн ахлах байцаагч Г.Энхтайван мэдээлэв.
Тэрбээр, “Халдвар гарсан орнуудын мэдээллийг тогтмол хянаж байна. Он гарсаар, Коронавирусний халдварын голомт БНХАУ-ын Ухань хотоос импортлосон бараа байхгүй. ДЭМБ-ын зарласан халдварын тохиолдол бүртгэгдсэн улс орнуудаас 2019 онд 23.7 сая ам.долларын бараа импортлосон бол он гарсаар, 10.8 сая ам.долларын бараа импортложээ. Гаалийн байгууллагын алба хаагчид хилийн боомтуудад шуурхай жижүүрийн үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд 18 гаалийн газар, хороодтой хоёр цаг тутамд мэдээлэл солилцож байна” хэмээв. Мөн ДЭМБ болон Дэлхийн гаалийн байгууллагын холбооноос өгсөн чиглэл, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж байгааг дуулгалаа.
Амны хаалтанд тусгай зөвшөөрөл, лиценз шаардахгүй, татваргүй оруулж байгааг тэрбээр мөн онцоллоо. Тодруулбал, хувь хүний хэрэглэх амны хаалтыг Засгийн газрын 2009 оны 335 дугаар тогтоолын дагуу татвараас чөлөөлж шуурхай нэвтрүүлэхэд чиглэж ажиллаж байгаа аж.
Ташрамд дурдахад, 2019 онд Монгол Улсын хилээр нэвтэрсэн дотоодын зорчигч 181897 байсан бол 2020 оны нэгдүгээр сарын байдлаар, 161816 иргэн нэвтэрчээ. Харин Монгол Улсын хилээр гарсан гадаадын зорчигч 2019 оны байдлаар 182789 байсан бол 2020 оны байдлаар, 150890 байна. Өөрөөр хэлбэл, өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гадаад зорчигчдын гарах хөдөлгөөн нэмэгдэж, дотоодын иргэдийнх багассан байна.
Мэдээллийн үеэр, Монголын пастерын ахлагчдын холбооноос коронавируст халдварын хамгийн эрсдэлтэй цэгт ажиллаж буй ГЕГ-ын алба хаагчдад найман мянган амны хаалт, 100 ширхэг ариутгалын бодис хандивлалаа. Тус холбоо өнгөрсөн 10 хоногийн хугацаанд христийн шашинд итгэгчдийн дунд сайн үйлсийн аян зохион байгуулж 30 мянган амны хаалт, 300 гар ариутгах бодис цуглуулжээ. Монгол Улсын хэмжээнд хилийн боомтуудад 670 орчим гаалийн хяналтын улсын байцаагч болон бусад албан хаагчид ажиллаж байна.