Иргэд хогоо ил задгай хаях нь багасчээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын ЗДТГ, Хот тохижилтын газраас хогны төлбөрийг цахилгааны төлбөртэй хамт хураах шийдвэр гаргаж, хэрэгжүүлснээр иргэдийн хувьд хогоо гуу жалга, ил задгай газарт аваачиж хаядаг байдал багассан гэж тус сумын Засаг дарга Р.Мөнхтогтох мэдэгдлээ.
Тус сумын ЗДТГ-аас 2019 онд хогны төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулж, сардаа гэр хорооллын айл өрх бүрээс 3000, орон сууцны айл өрхүүдээс 2000 төгрөг хураадаг болж, төлбөрийг цахилгааны төлбөртэй хамт авч эхэлжээ.
Мандалговь хотын хувьд хог, нохойны асуудал мөнхийн яригддаг сэдэв. Хот тохижилтын газар аймгийн төвийн таван багт хог тээврийн таван машинаар үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд 2020 онд ОНХС-ийн 50,0 сая төгрөгийн хөрөнгөөр мөн нэг автомашин худалдан авахаар төлөвлөсөн байна.
Өнгөрсөн онд Сайнцагаан сумын ЗДТГ, Хот тохижилтын газраас эзэнгүй хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулсан бөгөөд, энэ жил 52,8 га талбайд байгаа үлдэгдэл хогийг цэвэрлэх ажээ.