АН: “БНХАУ-ын коммунист намтай уулзсан нь улс төрийн зорилгогүй”
АН-ын дарга С.Эрдэнэ, дэд дарга Р.Амаржаргал, Б.Дэлгэрмаа тэргүүтэй тус намын удирдах бүрэлдэхүүн өнгөрсөн оны 11-р сард БНХАУ-ын коммунист намын урилгаар тус улсад ажлын айлчлал хийсэн бөгөөд энэ нь улс төрийн зорилгогүй байсан тухай тайлбар өгөв.Албаны төлөөлөгчдийг Хятадын коммунист намын Төв Хурлын Улс төрийн товчооны гишүүн, Бүх хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын байнгын хороон дэд дарга Ван Чэнь хүлээн авч уулзсан бөгөөд энэ уулзалт ямар нэгэн байдлаар улс төр, сонгуулийн дэмжлэг, санхүүжилтийн асуудалтай огт холбоогүй болохыг намын гадаад харилцаа хариуцсан удирдлагууд хэлж байсан юм.
Тус намын дэд дарга Б.Дэлгэрмаа: “АН болон БНХАУ-ын Коммунист Намын хамтын ажиллагааны хүрээнд 2019 оны арваннэгдүгээр сард Хятад улсад албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд тус улсын албаны хүмүүстэй уулзаж, намуудын хамтын ажиллааг шинэ шатанд гаргах асуудлаар санал солилцсон. УИХ-ын сонгууль ойртсон энэ үед АН-ын нэр хүндийг унагаах, гүтгэлгийн шинж чанартай мэдээллийг зарим намын удирдлагууд болон нэр нь тодорхойгүй хаягнаас тарааж байгааг манай намын гишүүд, дэмжигчид эсэргүүцэж байна. БНХАУ-тай тогтоосон сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл. Гэтэл нэр бүхий улс төрийн хүчнүүд манай намын нэр хүндийг санаатайгаар унагах зорилгоор сонгуулийг угтаж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр хуурамч мэдээлэл тарааж байна. Цаашид ч ийм агуулга бүхий харилцаа манай намын гадаад бодлогод огтоос үгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.” гэлээ.
Ийнхүү АН-ын дарга С.Эрдэнэ төлөөлөгчтэй намын гишүүд БНХАУ-ын зүгээс хөрш орнуудтайгаа харилцах харилцаанд онцгой ач холбогдол өгч, хоёр орны хамтын ажиллагаанд нээлттэй, хүртээмжтэй хандаж, хамтын ажиллагааны үр ашгийг хуваалцах бодлого баримталж буй талаар хэлэлцсэн бөгөөд үүнийг зарим нэг улс төрчид гуйвуулж байгаад АН-ын гишүүд эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм.