Д.Цогтбаатар: Бид хуулийн байгууллагын шийдвэрийг хүлээж байна
Польшийн Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байгаа Монголын дипломатич, улстөрчдийн тухай УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэдний зарим нь өнөөдөр ч дипломат төлөөлөгчийн газар, төрийн алба тэр ч бүү хэл улстөрийн нам удирдах хэмжээнд ажиллаж байна хэмээн мэдэгдлээ.
Мөн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон хүмүүсийн асуудлыг хоёр удаа хаалттай хэлэлцээд тогтоол гарган, Засгийн газарт чиглэл өгч, хамтран ажиллаж байгаа гэв.
Польш Улсаас ирүүлсэн 69 хүний зургаан хүнийг өнөөдрийн байдлаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Тэд бол
- Бельги улсад хил дамнасан хууль бус наймаанд оролцсон. 2009 оноос хойш эрэн сурвалжлагдаж байгаа ч түүнээс хойш удаа дараа дипломат албанд томилогдсоор байсан Х.Даваадорж
- Одоог хүртэл эрэн сурвалжлагдаж байгаа Х.Даваадоржийн гэргий Б.Болор
- БНЛУ-аас чөлөөлөгдсөн. 2002-2003 онд Польш улсад түр ажиллаж байхдаа хууль бус наймааны хэрэгт холбогдон, эрэн сурвалжлагдаж байгаа А.Батсайхан
- БНХАУ-ын Хөх хотын Ерөнхий консулаас чөлөөлөгдсөн. Тээврийн хэрэгслийг татваргүйгээр оруулж, худалдсан хэрэгт холбогдсон Д.Мөнх-Эрдэнэ
- Турк улс дахь Консулын газар ажиллаж байхдаа хар тамхи тээвэрлэж байгаад ХБНГУ-д саатуулагдсан Т.Мөнхбат, С.Эрдэнэбаяр
- 2004 оны есдүгээр сард Германд саатуулагдан шалгагдаж байсан С.Эрдэнэ нар ажээ.
Польшийн Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байгаа манай улсын иргэдийн талаарх мэдээлэл 2009 онд ирсэн бөгөөд энэ талаар Гадаад харилцааны яамны сайд Д.Цогтбаатар хэлэхдээ, Энэхүү асуудлыг би цагдаагийн байгууллагад өгсөн байгаа. Манай яам мөрдөн байцаах ажиллагаа явуулах боломжгүй тул цагдаагийн байгууллага шийдвэрлэх байх. Хэрэв үнэхээр асуудалтай, гэм буруутай болох нь тогтоогдвол би бүгдийг нь хөөх болно. Харин тухайн үедээ баригдаад ирсэн хүмүүсийг бүгдийг нь ажлаас халсан байгаа гэлээ.