Германд буутай этгээдүүд найман хүний аминд хүрчээ
ХБНГУ-ын баруун этгээдэд орших Ханау хотод өчигдөр орой орон нутгийн цагаар 21.00-22.00 цагийн орчимд халдлага гарч, найман хүний амь нас хохирчээ. Гэмт этгээдүүд уушийн газраар хэсэн байсан хүмүүс рүү буудаж, таван хүний амь насыг хохироосон байна. Мөн багаар бодоход таван хүн шархаджээ. Хэрэгтнүүд хэргийн газраас зугтаж амжсан бөгөөд одоо эрх чөлөөтэй яваа болохыг Ханау хотын Цагдаагийн газраас иргэддээ анхааруулсан байна. Халдлага хотын төвийн Кессельштадт дүүрэгт гарсан бөгөөд хуулийн байгууллага халдлага гарсан болон ойр орчмын бусад дүүргүүдээр нисдэг тэрэгтэй эргүүл хийж байгаа аж.
Ханау хот нь Германы Гессен мужид, Франкфуртаас зүүн тийш 25 км-т байдаг юм.
Гэмт этгээдүүд хэдүүлээ байсан нь одоогоор тодорхойгүй байна. Тэд эхний уушийн газарт гурван хүний амь хөнөөгөөд дараагийн газар руу явж, улмаар нэмж таван хүний аминд хүрсэн нь одоогоор тодорхой болоод байна. Халдлагын хариуцлагыг хүлээсэн бүлэглэл одоогоор гараагүй, зорилго тодорхойгүй байна. Хэргийг мөрдөх ажиллагаа үргэлжилж байгаа юм.