Лондонд хутгатай этгээд хүмүүс рүү халджээ
Их Британийн нийслэл Лондон хотын хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд явж байсан хүмүүс рүү хутгатай халдаж, 3 хүнийг шархдуулсан этгээдийг цагдаагийн ажилтнууд буудан хөнөөжээ. Гэмт этгээдийг Лалын шашинт хэт давруу үзэлтнүүдээс сэдэлжсэн хэмээн үзэж байгаа юм.
20 настай Судеш Амман нь терроризмын гэмт хэрэгт холбогдон ял эдэлж байсан бөгөөд өнгөрсөн сарын сүүлээр суллагдсан байжээ. Шархадсан иргэдээс 1 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон ийм явдал тохиолдсонд гүнээ харамсаж буйгаа илэрхийлээд, терроризмын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг шийтгэх тогтолцоог өөрчлөх төлөвлөгөөнийхөө талаар даваа гарагт танилцуулсан байна.
Өнгөрсөн 11 дүгээр сард Лондон хотын Лондоны гүүрэн дээр хутгатай өөр нэгэн этгээд хүмүүс рүү халдсаны улмаас 2 хүн амиа алдаж, 3 хүн шархаджээ. Цагдаагийн газрын мэдээлснээр, уг хэргийг үйлдсэн этгээд терроризмын гэмт хэрэгт холбогдон шоронд хоригдож байсан бөгөөд халдлага үйлдэх үедээ тусгай зөвшөөрлөөр шоронгоос суллагдсан байжээ.