Ачааны машинаас илэрсэн цогцоснууд бүгд Хятад хүмүүсийнх байжээ
Лхагва гарагт Бельгиэс Британийн боомтод ирсэн хөргөгчтэй чингэлэгнээс 39 хүний цогцос гарсан тухай өмнө нь бид мэдээлсэн билээ.
Чингэлэгийг Эссексийн боомт дээр хүлээж аваад тээвэрлэж явсан ачааны машины жолоочийг цагдаа нар баривчлан шалгаж байгаа. Тэгвэл өчигдөр Британийн цагдаагийн газраас хохирогчид нь бүгд Хятад хүмүүс болохыг тогтоосноо мэдээлжээ.
31 эрэгтэй, найман эмэгтэй Цельсийн -25 хэмийн температуртай чингэлэгт хамгийн багадаа 10 цаг түгжээтэй байсан нь тэдний үхлийн шалтгаан болсон гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн байна.
Бельгийн эрх баригчид чингэлэгийг өөрийнх нь боомтод ирэхдээ лацтай байсан, лацыг задлаагүй шууд Британи руу ачуулсан гэж мэдэгджээ.
Британийн засгийн газар энэ хэргийг хүний наймаатай холбоотой гэж үзээд зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүдийг мөрдөж эхэлсэн байна.
Британи дахь Хятадын элчин сайдын яамнаас гаргасан мэдэгдэлд “Английн Эссексд 39 хүн амиа алдсан тухай мэдээг сонсоод бид эмгэнэн гашуудаж байна. Холбоотой мэдээллүүдийг тодруулахаар Британийн цагдаагийн газартай нягт хамтран ажиллаж байна” гэжээ.
Энэ явдлыг сүүлийн 20 орчим жилийн хугацаанд Британид гарсан хамгийн олон хохирогчтой хүний наймааны хэрэгт тооцож байна.
Хамгийн сүүлд 2000 онд Кент мужийн Доверт ирсэн ачааны чингэлэгнээс 58 хүний цогцос гарч байв. Тэдгээр нь бүгд Хятадын иргэд байсан бөгөөд чингэлэгнээс хоёр хүн амьд үлдэж байжээ. Дараа жил нь чингэлэгийг тээвэрлэж явсан Нидерландын ачааны машины жолооч хүн амины хэргээр 14 жилийн хорих ял Британийн шүүхээс сонсож, энэхүү ажиллагаанд оролцсон долоон хүн Нидерландад шийтгүүлж байв.
Илүү дээр амьдрал хайж өрнөдийн орнуудад ирдэг цагаачид гэмт хэрэгтнүүдэд мөнгө төлж, хууль бусаар хил нэвтрэх зам сонгодог. Тэдний ихэнх нь мөнгөө луйвардуулдаг бол зарим хэсэг нь хил давах замдаа амиа алдах явдал түгээмэл байдаг гэнэ.
Эх сурвалж:
South China Morning Post, BBC