Ц.Бат-Энх: Ном журмынх нь дагуу үзлэг шинжилгээнд хамрагдсныг харсан гэрчүүдтэй шүү
Өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг Коронавирусийн эрсдэлтэй бүсээс ирсэн ч тусгаарлагдахаас татгалзаж халдвар хамгааллын дүрэм зөрчсөн тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай мэдээлэл гараад байсан. Энэ талаар тус намын хуулийн газрын дарга Р.Саруул хэлэхдээ "МАН-ын Улсын дээд шүүхээс Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн хэмээн үзэж бүртгэж авсан Дүрмээр Нарийн бичгийн дарга гэдэг бол Намын төлөөллийн төв байгууллага болох Бага хурлаас сонгогддог албан тушаал. Тийм учраас тийнхүү зарчмаараа түүнийг чөлөөлөх, эсэх асуудлыг Бага хурал эцэслэн шийдвэрлэнэ. Бага хурал хуралдаж албан ёсны тогтоол шийдвэр гараагүй байхад өөр хэн нэгэн субъект Бага хурлаас сонгогдсон албан тушаалтныг чөлөөлөх үндэслэл байхгүй" хэмээн мэдэгдээд байсан юм. Тэгвэл MGL TV-ийн сэтгүүлч МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхээс тайлбар авчээ. Тэрээр хэлэхдээ "Ном журмынх нь дагуу үзлэг шинжилгээнд хамрагдсан. Одоо ч гэсэн тусгаарлалтад байна. Тухайн үед журмын дагуу үзлэг, шинжилгээнд хамрагдаад зааврын дагуу зөвлөгөө мэдээлэл аваад зогсож байхад олон хүн байсан. гэрч бий шүү" гэсэн тайлбарыг өгчээ.