В.Путин: ОХУ, Турк Идлибийн хурцадмал байдлыг зохицуулах шийдэлд хүрсэн
ОХУ болон Турк улс Идлибийн хурцадмал байдлыг зохицуулах тохиромжтой шийдлийг олсон гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Туркийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдогантой хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгдлээ.
ОХУ болон Туркийн Ерөнхийлөгч нарын Кремльд хийсэн хэлэлцээ таван цаг 40 минут үргэлжилсэн байна.
Хоёр орны удирдагчид гурван цагийн турш ганцаарчилсан уулзалт хийсний эцэст аюулгүй байдлын зурвас бий болгож, гуравдугаар сарын 6-ны шөнө дундаас хойш гал зогсоох, бүс нутгийн хоёр гүрний харилцан тохиролцсоны дагуу ажиглалтын цэгүүдийг бэхжүүлэхээр болсныг мэдэгдлээ.
“Сирид болж буй үйл явдлыг үнэлж дүгнэхэд бид Туркийн түншүүдтэйгээ үргэлж санал нийлээд байдаггүй, гэхдээ чухал мөч бүрт өндөр түвшинд хүрсэн хоёр улсын харилцаанд тулгуурлан маргаантай асуудлыг шийдвэрлэх нийтлэг байр суурийг олж, тохиромжтой шийдэлд хүрсээр ирсэн. Энэ удаад ч мөн ингэж чадлаа” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч мэдэгджээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч цааш хэлэхдээ, хэлэлцээний үеэр Орос, Турк хоёр Астанагийн форматын хүрээнд үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой байгаагаа баталлаа хэмээв. "Астанагийн үйл явц Сирийн асуудлыг зохицуулахад чухал түлхэц өгсөн" гэж В.Путин нэмж хэлсэн байна.
Олон улсын асуудлыг шийдэх нийтлэг чиг хандлага
ОХУ болон Туркийн удирдагчдын хувийн нөхөрсөг харилцаа олон улсын асуудлуудыг шийдэх нийтлэг чиг хандлагыг олох боломжийг олгодог гэж В.Путин онцлон тэмдэглэжээ. “Бидний нөхөрсөг харилцаа хоёр орны хамтын ажиллагааны олон асуудлыг яаралтай шийдэх, мөн олон улсын тулгамдсан асуудлуудыг зохицуулах нийтлэг хандлагыг боловсруулах боломжийг олгодог” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч хэлжээ.
Тэрбээр энэ онд Туркийн Ерөнхийлөгчтэй гурван ч удаа уулзснаа дурдаад, уулзалтуудын гол сэдэв нь "Сирийн Идлиб муж дахь маш хурцадмал нөхцөл байдал" байсан гэж мэдэгдэв.
Сирийн асуудлаарх хамтарсан баримт бичиг
ОХУ, Туркийн дээд хэмжээний уулзалтын үеэр хүрсэн тохиролцоо Сирийн энгийн иргэдийн зовлонг эцэслэх ёстой гэж Оросын удирдагч хэлсэн байна.
Талууд мөн Сирийн нөхцөл байдлын тухай хамтарсан баримт бичгийг зөвшилцөн тохиролцжээ. Уг баримт бичгийн заалтуудыг хоёр орны Гадаад хэргийн сайд нар дараа нь танилцуулах аж. Оросын удирдагчийн хэлснээр, хамтарсан мэдэгдэлд хоёр ерөнхийлөгчийн "зургаан цаг гаруй үргэлжилсэн хэлэлцээний үеэр боловсруулсан" шийдвэрүүдийг тусгасан байна.
“Эдгээр тохиролцоо нь Идлиб муж дахь хурцадмал бүсэд байлдааны ажиллагааг зогсоох маш том үндэс суурь болохын зэрэгцээ энгийн ард иргэдийн зовлон зүдгүүр, хүмүүнлэгийн хямралыг эцэслэж, Сири улсад энх тайван тогтоох үйл явцыг үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч мэдэгджээ.
Эцэст нь тэрбээр ОХУ-д айлчилсан Туркийн Ерөнхийлөгчид талархлаа илэрхийлээд, пүрэв гарагт болсон Сирийн асуудлаарх хэлэлцээг амаргүй байсан гэж мэдэгдсэн боловч нааштай өндөрлөснийг онцлон тэмдэглэв.
Montsame.mn