Эрдоган Идлибийн асуудлаар Путинтэй тохиролцоонд хүрч чадна гэж найдаж байна
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган гуравдугаар сарын 5-нд ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй уулзах үеэрээ Сирийн Идлиб мужид гал зогсоох шийдэлд хүрч чадна гэж найдаж байгаагаа илэрхийллээ гэж “Daily Sabah” сонинд мэдээлсэн байна.
“Идлибид сүүлийн үед гарч буй өөрчлөлтүүдийн талаар би Оросын Ерөнхийлөгчтэй санал бодлоо солилцоно. Бид энэ асуудлыг шийдэх алхмуудыг хийж, байдлыг хурдан зохицуулж чадна гэж найдаж байна” гэж тэрбээр Анкара хотод даваа гарагт үг хэлэхдээ мэдэгдсэн байна. “Би мөн Германы Канцлер Ангела Меркельтэй ярилцана. Дөрвөөс таван улсын оролцоотой дээд хэмжээний уулзалтууд хийх санал бий" гэж Эрдоган нэмж хэлжээ.
Туркийн удирдагч Тайип Эрдоган гуравдугаар сарын 5-нд Москвад айлчилж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана гэж Оросын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрийн Песков урьд нь мэдээлсэн байна.
Хоёрдугаар сарын 28-нд шилжих шөнө Сирийн Идлиб мужийн байдал дахин хурцадсан юм. Сирийн Засгийн газрын цэргүүд цохилт өгсний улмаас 36 цэрэг амиа алдсан гэж Туркийн тал мэдэгдсэн байна. Удалгүй тус улсын Зэвсэгт хүчин Сирийн цэргүүдийн байрлалд цохилт өгч эхэлсэн бөгөөд 200 гаруй байг устгаснаа дараа нь мэдэгджээ.
Montsame.mn