Нүүрс тээврийн жолооч нараа "галын шугам" руу явуулахад бэлэн үү
Монгол Улс нүүрсний экспортоо гуравдугаар сарын 2 хүртэл зогсоогоод байсан бол пүрэв гарагаас Замын-Үүд боомтоор нүүрсний экспорт эхэлсэн юм. Онцгой комиссын шийдвэрийн дагуу бол Монгол Улсын нүүрсний экспорт энэ сарын 15-наас эхэлнэ. Энэ нь вирусийн голомт руу орж байгаа нүүрс тээврийн жолооч нар галын шугам руу орж байгаатай ижил юм. Тиймээс жолооч нарын аюулгүй байдал хамгийн чухал.
Үүнтэй холбогдуулан өнгөрсөн амралтын өдрүүдэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Гашуунсухайт боомтод ажилласан байна. Нүүрс экспортлохтой холбоотой бэлтгэлийн талаар танилцуулахад, экспорт эхлэхээр жолооч нар Хятад улс руу үдээс өмнө хил гараад үдээс хойш тус улсад хонолгүйгээр орж ирэх, бүгд нэг удаагийн хамгаалалтын хувцас хэрэглэлтэй гараад Монгол Улсын нутагт орж ирээд устган, машинаа бүрэн ариутгалт оруулах зэргээр зохицуулахаар төлөвлөжээ. Зайлшгүй тохиолдолд Хятадын нутагт хил гарч ирэлгүй хоносон тохиолдол жолоочийг шууд тус байранд тусгаарлахаар болжээ. Хилийн ойролцоо 50 хүртэлх хүний багтаамжтай тусгаарлах байр бэлтгэсэн байна. Эхний ээлжинд 300-350 хүртэлх тээврийн машин хилээр нэвтрүүлэх бөгөөд энэ сарын 30-наас хойш гарч байгаа тээврийн хэрэгслийг нэмэгдүүлнэ гэнэ.
Жолооч нарын хамгаалалтын хувцас, ариутгал халдваргүйжүүлэлтийн тухайд тухайн компани өөрсдийнхөө харьяалалын жолооч нараа хамгаалах хувцас хэрэглэлээр бүрэн хангах ёстой. Жолооч өөрөө авахгүй. Жолооч бүр ямар нэгэн компанид харьяалагдаж байгаа. Тийм учраас харьяалагдаж байгаа компани тусгаарлах байр, хамгаалах хэрэгсэл, хоол бие засах газар гэх зэргээр кэмпийг бүгдийг зохион байгуулах бүр эрхийг олгожээ.
Гашуунсухайт боомт дээр нүүрс тээвэр явахтай холбоотой нэн шаардлагатай ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис болон хамгаалах хувцас хэрэгсэл зургаан хоногийн нөөцтэй байгааг энэ үеэр боомтын удирдлагууд хэлсэн байна. Мөн нэг сарын нөөц бүрдүүлэхэд 105.3 сая төгрөгийн төсөв хэрэгтэй байгааг танилцуулж шийдвэрлэж өгөхийг сайдаас хүсжээ.
Гашуунсухайт боомтоор нүүрс тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэхтэй холбогдуулан гаалын байгууллага эхний ээлжинд орох гарах чиглэлийг 2, 2 замаар шалган нэвтрүүлэхээр тооцсон байна.
Дашрамд мэдээлэхэд, Монгол Улс экспортын боломжоо алдсаар, гадаад худалдааны үзүүлэлтүүд таагүй гарсаар байна. Энэ оны хоёрдугаар сарын байдлаар экспортын орлого 322 тэрбум ам.доллар буюу 29.5 хувиар буурсан байна. Тодруулбал, өнгөрсөн оны эхний хоёрдугаар сард Монгол Улс тэрбум ам.долларын экспорт хийсэн бол энэ онд экспортын орлого 770 сая ам.доллар байна. Үүнээс экспортод гаргасан зэсийн баяжмал 37.1 мян тонноор, орлого нь 90.0 сая ам.доллараар буурч 219.1 сая ам доллар байна. Нүүрс 1.2 сая тн-оор буурч 2.8 сая тонн болжээ. Нүүрсний экспортоос орсон орлого 103.5 сая ам доллараар буурч 332.4 сая ам доллар болсон байна. Ингэхээр оны эхний хоёр сард нүүрс, зэсийн экспортын орлого 193.5 сая ам доллараар буурчээ. Мөн төсвийн орлого 210 тэрбум ам.доллараар буурсаныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлсэн. Өмнөх жилүүдийн жишгийг харахад экспорт жил бүрийн эхний хоёр сард буурч, гуравдугаар сараас өсдөг ч энэ жил тийм нөхцөл байдал харагдахгүй байгаа юм.