Гуравдугаар сарын 1-нээс хойш Замын-Үүд боомтоор 25 мянган тн нүүрс экспортолжээ
УОК түр зогсоогоод байсан нүүрс, газрын тосны экспортыг энэ сарын 15-наас эхлүүлэх шийдвэр гаргасан ч бэлтгэл хангагдсан бол заавал 15-ныг хүлээх шаардлагагүй гэж үзсэн. Тэгвэл Замын-Үүд боомтоор нүүрс тээвэрлэсэн автомашинууд халдваргүйжүүлэлт, ариутгалын холбогдох шаардлагыг ханган БНХАУ руу гарч эхэлжээ.
Тодруулбал, гуравдугаар сарын дөрвөнөөс Замын-Үүд авто боомтын экспорт эхэлж, 1500 тн нүүрс гаргасан байна. Харин төмөр замаар гуравдугаар сарын 1-нээс хойш 25 мянган тн нүүрс экспортлоод байна гэж ГЕГ-аас мэдээллээ.
Өнгөрсөн оны эхний хоёр сард Замын-Үүд боомтоор 104 мянган тн нүүрс экспортолсон бол, энэ оны эхний хоёр сард 392 мянган тн нүүрс экспортолжээ. Тус боомтоор нүүрснээс гадна зэс, жонш, цайр зэрэг баяжмалыг бага хэмжээгээр экспортолдог.