Гурил үйлдвэрлэгчид 150-160 мянган тн улаан буудай импортлох шаардлагатай гэв
Гурил үйлдвэрлэгчдийн холбооноос ирэх намрын ургац хүртэл хангалттай нөөц бүрдүүлэхэд 150-160 мянган тн улаан буудай импортлох шаардлагатай байгаа талаар мэдэгдэл гаргажээ.
Тэдний дурдсанаар Монгол Улс жилд 240000 тн буюу сард 20000 тн орчим гурилын хэрэглээтэй. 2018 онд 239 324.6 тн гурил үйлдвэрлэсэн. Дээрх гурилыг үйлдвэрлэхэд дор хаяж 345000 тн хүнсний улаан буудай шаардлагатай. Өнгөрсөн оны буюу 2019 оны намрын ургацаас Хүнсний буудайн техникийн ерөнхий шаардлага MNS 0097-2010 стандатыг хангасан 240000 тн орчим улаан буудайг гурилын үйлдвэрүүд хүлээн авсан. Үүгээр 163200 тн гурил үйлдвэрлэнэ. 2019 оны есдүгээр сараас гурилын хэрэглээг тооцвол дөрөвдүгээр сар гэхэд гурилын нөөц дуусахаар байна. Тиймээс ирэх намрын ургац хүртэл хангалттай нөөц бүрдүүлэх, цаашид аюулгүйн нөөцийг хангалттай хэмжээнд бий болгохын тулд 150000 тн-160 000 тн улаан буудай импортлох шаардлага байгаа хэмээн тайлбарлажээ. Ингэснээр 102000 тн гурил үйлдвэрлэх юм байна.