"Франц иргэний хавьтагчдыг олж дууссан"

Цагдаагийн байгууллагаас Франц иргэний хавьтагчдыг олох, илрүүлэх ажлыг зохион байгуулсан байна. Тэд сэжигтэй тохиолдол илэрснээс эхлэн энэ ажлыг зохион байгуулсан бөгөөд хавьтагчдыг олж, ХӨСҮТ-д хүргэж байгаа аж. Цагдаагийн хурандаа Ж.Амгалангийн хэлснээр хавьтагчдыг олох ажил ерөнхийдөө дууссан гэнэ. Олон нийтийн сүлжээгээр нэрлээд байсан иргэн н.Идэрболд Улаанбаатарт тусгаарлагдсан бол н.Мичидмаа Дорноговь аймгийн төв дээр тусгаарлагдсан байна. Тэрбээр, энэ хэргийг сонсоод өөрөө сайн дураараа тусгаарлагдсан гэнэ.
Халдварын сэжигтэй бүс нутгаас ирсэн хэрнээ мэргэжлийн байгууллагынхны шаардлагыг хүлээж аваагүй, асуумжаа худал бөглөсөн Франц улсын иргэнд хариуцлага тооцох тухайд тэрбээр хэлэхдээ “Одоо хариуцлага ярихад тохиромжгүй цаг юм. Энэ хэрэг явдал намжсаны дараа хариуцлагын тухай асуудал хөндөгдөнө. Иргэддээ хандаж хэлэхэд, Франц улсын иргэнийг үзэн ядах, буруу хандлага гаргахгүй байхыг хүсье” гэсэн юм.