Трамптай уулзсан Бразилын ерөнхийлөгч коронавирусын шинжилгээ өглөө
Бразилын ерөнхийлөгч Жайр Болсонаро коронавирусын шинжилгээ өгч, хяналтад байгаа болохыг тус улсын хэвлэлүүдээр мэдээллээ. Учир нь түүний харилцаа, холбооны газрын дарга Фабио Вангартен вирусын эерэг хариутай гарчээ.
Тэрбээр вирусын халдвар авсан гэдгээ мэдэхээс 5 хоногийн өмнө Бразилын ерөнхийлөгчийн хамт АНУ-д айлчлан Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан ба оройн зоог барьж, гараа барилцан мэндчилсэн байжээ. Иймд иргэд Трампыг ч халдвар авсан байх магадлалтай гэж үзэж байна.
Трамп ч энэ талаар мэдсэн ба тэрбээр ирсэн бүх л төлөөлөгчдийн хамт хоол идсэн харин Бразилын халдвар авсан төлөөлөгч тэнд байсан эсэхийг мэдэхгүй байна гэж сэтгүүлчийн асуултад хариулжээ. Гэвч тэд хамт зогсож байгаад зургаа авхуулсан байсан юм.
Одоогоор АНУ-ын ерөнхийлөгч шинж тэмдэг илрээгүй тул халдварын шинжилгээ өгөөгүй, түүний бие үнэхээр сайн байна гэж мэдэгдсэн байна.
Коронавирусын халдвар авсан тохиолдол 2-14 хоногийн дараа илрэх боломжтой ба ханиалгах, халуурах, амьсгал боогдох зэрэг шинж тэмдэг илэрдэг гэнэ.