Коронавирусээс болж цагаач ажилтнаа явуулын гар ариутгагч болгон гадуурхжээ
Газрын тосны "Saudi Aramco" компанийн удирдах зөвлөлийн ажилчид нэгэн шуугианаас болоод маш хурц шүүмжлэлд өртөөд байна. Өнгөрөгч мягмар гарагт компанийн "Оффисын үйлчилгээ" гэх нэрийн дор гадаад ажилтнаа "Гар ариутгагч" гэсэн өмсгөл өмсүүлэн явуулын гар ариутгагч хийлгэж буй зураг твиттерт орж дэлхий дахины уур унтууцлыг хөдөлгөжээ.
"Коронавирусийн улмаас олон улсад ялгаварлан гадуурхах хэрэг мандаж буй энэ үед ядуу буурай орноос ирж ажиллаж буй ажилтнаа ийн дорд үзсэн хэрэг нь тэвчиж боломгүй. Тэр чинь хүн болохоос эд зүйл, тавиур биш. Ийм үед тэр тусмаа өөрсдийгөө илүүд үзэх хандлага гаргасан нь бүх хүний зэвүүцлийг төрүүлж байна" гэх твиттерүүд интернетээр дүүрэн цацагдаж байна.
Компанийн зүгээс уг үйлдлийнхээ хариуд "Тус ажилтанд гаргасан ёс бус үйлдэлдээ уучлал гуйя. Компани уг асуудалд анхаарал хандуулж, тус явдлыг зогсоон, дахин ийм үйлдэл гарахгүй байх тал дээр бүрэн анхаарна" хэмээн жиргэжээ. Гэсэн ч хүмүүсийн шуугиан тасрахгүй хэвээр.
Коронавирусаас болж Ази хүмүүсийг ялгаварлан гадуурхах үзэгдэл ихээр гарах болсноос гадна зөвхөн Ази ч гэлтгүй ядуу буурай орны хүмүүсийг ялгаварлах явдал ихээр гарах болжээ. Үүний эсрэг #IAmNotAVirus гэх хаштаг олныг хамран интернетээр тарж байна. Мөн Коронавирус ялгаварлан гадуурхах үзлийн шалтгаан байх ёсгүй хэмээн дэлхий даяар уриалга гаргасаар байгаа ч хятад, ази хүмүүсийг оруулахгүй гэх утгатай бичиг өлгөсөн газрууд олширч, харсан даруйдаа дөлөх хүмүүс нэмэгджээ.
Эх сурвалж: Buzzfeed New