Бүртгэлтэй ажилгүй иргэд 3.4 мянгаар цөөрчээ
ҮСХ Монгол Улсын 2020 оны 2 дугаар сарын нийгэм, эдийн засгийн салбарын статистик үзүүлэлтийн мэдээллийг өнөөдөр цахимаар танилцууллаа.
Ажиллах хүчний судалгаагаар улсын хэмжээнд хөдөлмөрийн дутуу ашиглалт 174.2 мянган хүнээр тооцогдож байна. Үүний 105.1 мянга буюу 60.3 хувь нь ажилгүй хүн, 58 мянга буюу 33.3 хувь нь боломжит ажиллах хүч, 11.1 мянга буюу 6.4 хувь нь цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгчид байна.4.5 мянган иргэн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлжээ
Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны 2 дугаар сарын эцэст ажилгүй 4.5 мянган иргэн шинээр бүртгүүлжээ. Бүртгэлтэй байсан 709 иргэн ажилд зуучлагдаж, 3.7 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ. Шинээр бүртгүүлсний 58.1 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байна.
Үүнээс Улаанбаатар хотод 2020 оны 2 дугаар сард нийт 1.8 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 248 иргэн ажилд зуучлагдан орсон байна.
Улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 679 (13.2 хувь) хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 65 (8.4 хувь) хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 1.0 (21.6 хувь) мянган хүнээр тус тус цөөрчээ.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 10.8 мянга нь эмэгтэйчүүд байна
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2020 оны 2 дугаар сарын эцэст 35.6 мянга, үүнээс 20.6 (57.9 хувь) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 15.0 (42.1 хувь) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.
Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеийнхээс 3.4 (14.1хувь) мянган хүнээр буурч, өмнөх сараас 31 (0.2 хувь) хүнээр өсөв. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 10.8 (52.5 хувь) мянга нь эмэгтэйчүүд байна.
Мөн бүртгэлтэй ажилгүй иргэдийн 337 (1.6 хувь) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 165 (49.0 хувь) нь эмэгтэйчүүд байна. 2 дугаар сарын эцэст бүртгэлтэй ажилгүй хоёр хүн тутмын нэг нь бүрэн дунд боловсролтой байна.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 21.5 хувийг 15-24 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Төв, Завхан, Дундговь, Улаанбаатар хот, Дорноговь, Ховд, Дорнод, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговь, Сэлэнгэ аймагт улсын дунджаас 0.1-7.7 пунктээр илүү байна гэж ҮСХ-ны Үндэсний тооцооны шинжилгээ судалгааны газрын ахлах статистикч Н.Өлзийханд мэдээллээ.