УИХ-ын чуулганы завсарлага таарсан нь сайн болж
Шинэ төрлийн коронавирусын халдвар дэлхий нийтийг түгшээж, ДЭМБ цар тахал хэмээн мэдэгдээд байгаа. Дэлхий дахинаа “хүчээ авч” буй коронавирусын тархалтаас болж эдийн засаг болон эрүүл мэндийн салбар нь өндөр хөгжсөн улс орнуудын хувьд туйлдаж эхэлсэн. Зарим газар эмчлэх боломжгүй гэдгээ ч зарлачихлаа.
Яг энэ цаг үед Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдаан завсарлаж таарсан нь сайн хэрэг боллоо. Аливаа асуудалд монголчууд бид ёстой л 100 ямаанд 60 ухна гэдэг шиг шаагилддаг. Дээр нь энэ жил УИХ-ын сонгууль болох учраас улстөрчдийн хувьд бүгд л хэл, амаа билүүдэж олон нийтэд таалагдахын тулд юу ч хийхээс буцахгүй болчихсон яваа.
Хэрвээ тэгээгүйсэн бол өнөөдөр энэ вирусын тархалтыг гайгүй сайн “улстөржүүлж” гаднаас эрх баригч нам эсвэл сөрөг хүчнийхэн “чирээд” ирлээ хэмээн бужигнах байсан биз. Яг үүний жишээ өнгөрөгч долоо хоногт болсон. Тодруулбал, Франц улсын иргэнээс коронавирусын халдвар илэрсэн асуудал хөндөгдсөн. Гадаадын иргэнийг “хөл хорионд” оруулалгүй, өөрийгөө тусгаарлах “үүрэг” өгөөд явуулсан байдаг. Монгол Улсын хууль, журмыг зөрчин орон нутгийг зорьсон гадаадын иргэний буруутай үйлдлийг хэл мэдэх ойрын хэн нэгэнд тохох гэсэн манайхны үзэл эхлээд Эрүүл мэндийн сайдыг чиглэсэн.
“Тэр францыг тавьж явуулсан Д.Сарангэрэл сайдыг огцруул” гэж ирээд л огцомдсон мэдэгдэл, мэдээлэл шуурах болсон. Төд удалгүй эхний харьцагчдыг илрүүлж, шинжилгээний сорьц нь эрүүл байна гэх мэдээллийн араас “Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинтэй хариуцлага тооцох ёстой” гэж ирээд л дахиад шуурч байв. Энэ бол ердөө л цахим орчинд цагаа өнгөрөөж, хэл амаа билүүдэж суугаа хүмүүсийн сэтгэгдэл, бухимдал байлаа. Түүн дээр нэмээд улстөрчдийн гар хөл болж, цахимд троллын үүрэг гүйцэтгэгчид ч бас үүнээс хоцорсонгүй.
БНХАУ-ыг сар шинийн баяраа цуцлаагүй нь вирусын тархалтыг тогтоон барих боломжоо алдсан гэдэг. Үүнээс нь үүдэн манай улсын хувьд урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртхэн авч, эдийн засагт хүндрэлтэй ч иргэдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд боломжит бүхий л байдлаараа “хориг” тавьж эхэлсэн. Тиймдээ ч хил залгаа оршдог ч вирусын тархалтыг “нам дарж” байгаа манайхыг олон улсын түвшинд сайшааж байгаа.
Нэгэнт аюулт өвчний энэ тархалтаас болж, улс, орнууд сандарч байгаа энэ үед хамгийн сайн арга хэмжээ нь нэгдмэл санаатай байж, эртхэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах гэдгийг зарлаж байна. Бид, монголчууд урьтаж чадсаны баталгаа. Одоо харин үүнийгээ баталгаажуулж, нэгдмэл бодлого, шийдвэрийн дор “зангидагдаж” эвээ нийлүүлэх нь энэ вирусын тархалтыг зогсоож, даван туулах боломж гэдгийг сайтар санах нь чухал.
Бидний цөөхөн монголчууд харь улсаас ч иргэдээ татаж байна. Мэдээж чадлынхаа хэрээр авч ирж, боломжийн хэмжээндээ тусгаарлалтад авч байгаа. Ирсэн даруйд нь олон нийт талархан хүлээн авч байна. Очоод авах өөрийн гэсэн агаарын тээвэрлэгчтэй, тосоод авах эх оронтой гээд л ам уралдан шагшиж байгаа. Гэхдээ энэ бол дөнгөж эхлэл бөгөөд эхний онгоцныхныг хүлээн авсны дараах байдал. Магадгүй хэдэн өдрийн дараа Японоос, Германаас, Туркээс, дахиад Солонгосоос хүмүүсээ авч ирсний дараа энэ байдал өөрчлөгдөх вий.
Чуулганы завсарлага таарсан, хорио тогтоосон үед улстөрийн намууд ч ухаалаг хэрэглээг эрхэмлэж, УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж болоод байна. Тиймээс л энэ үеийг ашиглан, элдэв улстөржиж, бусдыгаа битгий л турхираасай.
Erennews.mn