ДЭМБ коронавирусын эрсдлийн үнэлгээг ахиуллаа
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) дэлхий даяар тархаад байгаа шинэ коронавирусын эрсдлийн үнэлгээг “өндөр” түвшнээс “маш өндөр” түвшин болгон ахиулж байгааг өчигдөр зарласан байна.
Өнөөдрийн байдлаар дэлхийн бусад улс орнуудад өдөр тутам шинээр бүртгэгдэж байгаа коронавирусын халдварын тоо анх тархалт эхэлсэн Хятадын тооноос даваад байна. Өмнөд Солонгост сүүлийн байдлаар 2300 гаруй хүн халдвар аваад байгаа бол Иран улсад хамгийн багадаа 34 хүн нас бараад байгаа аж.
Гэсэн хэдий ч ДЭМБ коронавирусийн гамшгийг “цар тахал” гэж албан ёсоор нэрлэхэд эрт байгааг өчигдөр Женев хотод болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. Үүний тулд вирус нь хүн амын дунд чөлөөтэй тархаж байгааг харуулсан баримт шаардлагатай гэнэ.
Хэрвээ ингэж нэрлэвэл “манай гарагийн хүн бүхэн Ковид-19 вирусын аюулд ойрхон байгааг хүлээн зөвшөөрсөн хэрэг болно” гэж тус байгууллагын хөтөлбөрийн захирал Майк Райан тайлбарласан байна.