Эвтэй байхдаа хүчирхэг байдаг шүү , Монголчууд минь ээ!!
Шинэ коронавирусын халдвар дэлхийн 162 оронд бүртгэгдээд байгаа энэ мөчид цэнхэр гараг даяараа эвтэй байж хүчээ нэгтгэж гэмээнэ бид аюулт тахлыг давж, сөрж, цаана нь гарч чадна. Ингэхийн тулд иргэн бид юу хийх ёстой вэ гэх асуулт урган гарна. Үүнд хүн бүр өөрийн өөрийнхөөрөө хариулах нь мэдээж. Тэгвэл бидний уг өвчний эсрэг хийж чадах хамгийн энгийн бөгөөд хамгийн найдвартай зүйл нь дархлаагаа дэмжиж, эрүүл мэндийн байгуулагаас өгч буй заавар зөвлөмжийг ягштал биелүүлэх явдал юм.
Дархлаа дэмжих гэхээр та ямар нэгэн эм, бэлдмэл ууж, шим тэжээлтэй хоол унд иднэ гэж хамгийн түрүүнд бодох байх. Тэгвэл та дархлаагаа дэмжихийн тулд юун түрүүнд стрессийг таягдан хаях хэрэгтэй.
Эрдэмтдийн судалгаагаар хүн 5 минут стрессдэхэд 100 өдрийн дархлаагаа алддаг нь тогтоогдсон байна. Иймд бид энэ хэцүү цаг үед аль болох стрессдэхгүй байх нь дархлаагаа дэмжих хамгийн сайн арга байгаа биз.
Тэгвэл стрессдэхгүйн тулд бид яах ёстой вэ гэвэл СОВИД-19-ийн тухай хар бараан мэдээ сонссон ч эдгэнээ, эрүүл болноо гэх өөдрөг бодлоор тэрхүү муу мэдээллийг тархинаасаа, сэтгэл зүрхнээсээ таягдан хаях нь зөв юм.
Мөн нэгэнт эх нутгаа элгэн саднаа, ижий аав, үр хүүхэд, хань ижлээ гээд ирсэн иргэдээ, тэр тусмаа халдвар тээж ирсэн иргэдийг зэмлэж зүхээд ч хэрэггүй. Бидний цагаан цайлган, сайхан сэтгэлийн илч цус нэгт тэднийгээ эдгээхэд асар их нэмэр болно.
Сайхан санаа, саруул бодлоос ямагт гэрэл гэгээ цацарч байдаг гэдэг шүү дээ. Монголчууд бид чинь ядарч яваа нэгэндээ өглөгийн гараа хоёргүй сэтгэлээр сунгаж чаддаг тийм ухаантай, уужуу сэтгэлтэй бусдад үл байх мөс чанартай ард түмэн. Тийм дээ ч биднээр дэлхий бахархдаг.
Монголчууд бид чинь эвтэй байхдаа хүчирхэг байж, морин дэл дээрээс дэлхийн талыг эзэлж явсан хосгүй, ховорхон ард түмэн шүү дээ. Иймд эвтэй байж стресс, коронаг үлдэн хөөцгөөе.
Erennews.mn