ХӨСҮТ: "COVID-19"-ийн шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй
Пүрэв гарагийн байдлаар Монгол Улсад “COVID-19”-ийн шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй, нийт зургаан тохиолдол эмчилгээнд байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Халдвар илэрсэн зургаан хүний дөрвийнх нь биеийн байдал дунд, нэг нь хүндэвтэр, Франц иргэнийх тогтвортой байгаа юм байна. Мөн Сэлэнгэ, Баян-Өлгий аймгийн боомтуудаар орж ирсэн иргэдийг аймаг, аймагт нь тусгаарлаад байгаа аж. Өнөөдрийн байдлаар 1706 иргэнийг тусгаарлан ажиглаж байна гэж Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээллээ.
Үүнээс гадна Стамбул-Улаанбаатарын нислэгээр ирсэн 252 хүн болон 15 хүний бүрэлдэхүүнтэй нисэх багийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Зүчи, Бага баян, Асралтмед эмнэлэгт тусгаарлан ажиглалтад авсан байна. Онгоцоор ирсэн иргэдээс шинжилгээ авах ажил үргэлжилж байгааг мөн онцлов.
Цаашид ачаалал нэмэгдвэл ашиглах 107 орыг Арьсны өвчин судлалын үндэсний төвд бэлтгэсэн байгаа бөгөөд зарим дүүргийн эмнэлгүүдийг чөлөөлж, нийслэлд нийт 705 ор гаргах боломжтой гэсэн тооцооллыг хийгээд байгаа ажээ.
Б.Төгсбилиг, http://bloombergtv.mn/