Б.Гүнчин-Иш: Иргэд төмөр гармаар гарахдаа гарам дээр ажиллаж байгаа жижүүрийн шаардлагыг биелүүлдэггүй
Эх сурвалж. www.medee.mn
Төмөр зам дахь цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Гүнчин-Иштэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
“БНХАУ-аас ирсэн 140 гаруй иргэнийг тусгаарлах үйл ажиллагааг
Замын–үүдийн цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгуулсан”
-Орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Төмөр замын цагдаагийн алба хаагчид хэрхэн ажиллаж байна вэ. Энэ талаар яриагаа эхэлье?
-Төмөр замын цагдаагийн газар Монгол Улсын төмөр замын салбар болох урд хилээс хойд хил хүртэлх мянга гаруй км замд нийтийн хэв журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, төмөр замын аюултай дэглэмийг сахиулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж ажилладаг. Одоогийн нөхцөл байдалтай холбоотойгоор төмөр замын цагдаагийн газар коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нэлээд ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Тэр дундаа урд, хойд хилээр, төмөр замаар зорчиж буй иргэдийн ариутгал халдваргүйжилт болон тусгаарлах үйл ажиллагаанд цагдаагийн байгууллага дэмжлэг үзүүлж ажилласан. Замын–Үүдэд БНХАУ-аас ирсэн 140 гаруй иргэнийг тусгаарлах үйл ажиллагааг төмөр замын цагдаагийн газар, Замын–Үүдийн цагдаагийн хэлтэстэй хамтарч зохион байгуулсан. 14 хоног тусгаарлах үйл ажиллагааны хамгаалалтыг зохион байгуулж, дэг журмыг сахиулсан.
Мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар өртөөнд иргэд тусгаарлагдах үеийн хамгаалалтыг 14 хоногын хугацаанд зохион байгуулж ажиллалаа. Орон нутгийн чиглэлд явж байгаа галт тэрэг болон ирж байгаа бүх галт тэргэнд алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа. Одоо бүх галт тэргэнд эмнэлэг, ариун цэврийн хүмүүс ажиллаж байна. Эдгээр хүмүүсийн ажиллах нөхцөл бололцоог нь бүрдүүлсэн. Галт тэргийг ирсэн үед хамгаалалт зохион байгуулж, иргэдийн орж гарахаас өмнө ариутгал халдваргүйжилтийг хийх бололцоог бүрдүүлж байгаа. Мөн Улсын онцгой комиссын шийдвэрээр Төмөр замын Баян буурал амралтын газарт иргэд тусгаарлагдах асуудал яригдаж байгаа. Иймээс заагдсан хугацаанд нь хэв журмыг сахиулах ажлыг зохион байгуулж ажиллана. Мөн олон улсын галт тэргэнд ажиллаж байсан төмөр замын 19 ажилтныг Төмөр замын нэгдсэн эмнэлэгт тусгаарлаж, хорио цээрийн дэглэмийг сахиулж байна. Үүнийг хамгаалалтыг төмөр замын цагдаагийн газраас 14 хоногийн хугацаатай зохион байгуулж байна.
Одоогийн байдлаар сэжигтэй зүйл илрээгүй
-19 ажилтныг тусгаарлах арга хэмжээ аваад хэд хонож байгаа вэ?
- Долоо хоног өнгөрч байна. Одоогийн байдлаар ямар нэг сэжигтэй зүйл илрээгүй. Бүх дүрэм журмын дагуу хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлж байна.
-Цагдаагийн алба хаагчдын аюулгүй байдлыг хэрхэн хангаж байна вэ?
-Ер нь урд, хойд чиглэлд үйл ажиллагаа явуулснаас хойш алба хаагчид эрсдэл гаргахаас урьдчилан сэргийлж, өөрсдийнхөө аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа. Цагдаагийн ерөнхий газраас алба хаагчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамгаалах тусгай хэрэгсэл, ариутгал халдваргүйжилтийн бодисоор нэлээд сайн хангасан. Мөн алба хаагчдын дархлааг дэмжиж витаминжуулалт, дархлаа дэмжих үйл ажиллагааг өдөр бүр явуулж байна. Төмөр замын удирдах газраас хорио цээрийн дэглэм ажиллаж байгаа үед алба хаагчдыг халуун хоол унд, халдвараас хамгаалах хувцас хэрэгслээр ханган ажиллаж байна.
Одоо ажиллаж байгаа бүх алба хаагчид эмнэлэгт, эрүүл ахуйн хүмүүстэй адилхан халдвар хамгааллын хувцсыг иж бүрнээр хэрэглэж байна. Мөн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг алба хаагчид цахимаар өгч байгаа. Тухайлбал, Халдвар хамгааллын хувцсыг яаж өмсөж хэрэглэх, яаж тайлах, ямар хугацаанд хэрэглэх талаар зөвлөгөө өгч байна. Мөн тусгаарлах байранд ямар зүйлийг нэвтрүүлэх, юу нэвтрүүлэхгүй байх, ямар зүйл дээр анхаарч ажиллах талаар болон мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг алба хаагчид цахимаар өгч ажиллаж байна.
Иргэд хайхрамжгүй байдлаасаа болж галт тэргэнд дайруулах,
эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол гарсаар байна
-Төмөр замын гармаар болон гарамгүй газраар гарч байгаад осолд өртөх тохиолдол цөөнгүй гарч байна. Өнгөрсөн амралтын өдөр нэг осол гарсан. Төмөр замын цагдаагаас гарам дээр гарч байгаа осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ?
-Суудлын болон ачааны вагон 7-8 байна. Зарим 30-40 чингэлэг чирээд хурдаа авчихсан явж байгаа үед зогсох боломж байхгүй. Иргэдийн хувьд галт тэрэг ирж байхад гармаар гарч байгаа зөрчил нэлээд байгаа. Үүнийг шалгаад ихэнх нь амжаад гарчихна гэсэн хайхрамжгүй байдлаас болсон байдаг. Мөн иргэд гармаар гарахдаа гарам дээр ажиллаж байгаа жижүүрийн шаардлагыг биелүүлдэггүй. Зарим нь автомат хаалтыг очоод мөргөж байгаа тохиолдол зөндөө гарсан. Төмөр замын гарам руу галт тэрэг дөхөөд ирж байгаа үед анхааруулах дохиог өгдөг. Энэ үед иргэд анхаарал болгоомжтой байж, аюулгүй байдлаа хангах шаардлагатай. Иргэд хайхрамжгүй байдлаасаа болж галт тэргэнд дайруулах, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол гарсаар байна. Тэр дундаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн иргэд биеэ авч явж чадахгүйгээсээ болж төмөр замын аюултай бүс рүү орж, эрүүл мэндээрээ хохирдог. Төмөр замын хамгаалалтын маш сайн хийж байгаа боловч архидан согтуурч байгаа хүмүүс болон орон гэргүй , хараа хяналтгүй хүмүүс орогнох боломжтой газар гэж аюултай бүс рүү орж өөрийгөө эрсдэлд оруулдаг.
-Явган иргэд гардаг зорилтын гармууд байгаа биз дээ?
-Жил бүр төмөр замаас гармын өдөрлөг зохион байгуулж, төмөр замын бүх гармуудыг шинэчилж сайжруулж байгаа. Жилдээ таван гармыг шинэчилж, олон улсын стандарт нийцсэн гарам болгож тохижуулдаг. Зарим гармыг автомат хаалттай, явган зорчигчдын болон мал туусан иргэдэд гарах гарц хийж өгч байгаа. Гэвч манай иргэдийн яарч сандарч гарахаас гадна сонор сэрэмжгүй байдлаас болж вагонд дайруулж, мөргөлдөх харамсалтай хэрэг гарч байна.
-Орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Энэ үед төмөр замын вокзал дээр хулгайн гэмт хэрэг үйлдэгдэж байна уу. Ер нь төмөр замын орчинд хулгайн болон бусад төрлийн гэмт хэрэг хэр их үйлдэгдэж байна вэ?
-Жирийн үед төмөр замаар зорчиж байгаа хүмүүс хулгайн гэмт хэрэг үйлдэх магадлал өндөр байдаг. Улаанбаатар хотын вокзалаас билет бичүүлэхгүйгээр зам дагуу 61-ийн грам, Батсүмбэрээс суугаад тодорхой өртөөнд дээр бууж байгаа хүмүүс хулгайн гэмт хэрэг үйлдэх тохиолдол гардаг. Төмөр замын точкоос сууж байгаа хүмүүсийн билетийг бичиж байгаа боловч цахимаар бүртгэгддэггүй. Харин төмөр замын төв вокзалаас бичигдэж байгаа билет цахимаар бүртгэгдэж байгаа учраас эд зүйлээ алдсан тохиолдолд олж тогтооход хялбар байдаг.
Иймээс замын дундаас сууж байгаа хүмүүст цагдаагийн алба хаагчид хяналт тавьж байгаа. Овор ихтэй эд зүйл авч явж байгаа сэжиг бүхий зүйлийг тогтмол шалгадаг. Мөн шөнө зорчигчид амарч байгаа үед буусан хүмүүст хяналт тавьдаг. Одоо хөл хориотой байгаа учраас гэмт хэргийн зөрчил буурсан. Харин эрүүлжүүлэгдэж байгаа хүмүүсийн тоо буурахгүй байна. Манай цагдаагийн хэлтэст улсын хэмжээнд нэг байдаг эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх байртай. Эрүүлжүүлэгдэж байгаа иргэдийн хувьд гэр бүлийн хүчирхийлэл, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх зэрэг ар гэрийн дуудлагаар ирж байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүмүүс эрүүлжүүлэгдэж байгаа.
Эрүүлжүүлэгдэж байгаа эмэгтэйчүүдийн тоо буурахгүй байна
-Хоногт хэчнээн хүн эрүүлжүүлэгдэж байна вэ?
-Ер нь хоногт 20 гаруй хүн эрүүлжүүлэгдэж байгаа. Эрүүлжүүлэгдэж байгаа эмэгтэйчүүдийн тоо буурахгүй байна. Бидний хувьд эрсдэлтэй байж болзошгүй учраас эрүүлжүүлэгдэж байгаа хүмүүст өөрсдийнхөө нөхцөл бололцоогоор хийсэн нэг удаагийн амны хаалтыг зүүлгэж байна. Эрүүлжүүлэгдэж байгаа иргэдийн 70-80 хувь нь ахуйн хүрээний архидалт байна. Ахуйн хүрээнд архидан согтуурч хүүхдээ зодож байна. Нөхөртөө агсам тавьж байгаа хүмүүс их ирдэг. Удаа дараа эрүүлжүүлэгдэж байгаа хүмүүс цөөнгүй байна. Баар цэнгээний газруудын үйл ажиллагааг зогсоочихсон ч ахуйн хүрээний архидалт их байна. Сар бүрийн нэгэнд нийслэл хотын хэмжээнд архи зарахгүй байгаа. Архи зардаггүй өдөрт хүмүүс эрүүлжүүлэгддэг. Хаанаас архи авсан бэ гэхээр “гэрт байсан архийг ууссан” гэдэг тайлбарыг тавьдаг. Гэр хороололд байгаа хүнсний дэлгүүрүүд дүрэм журмынхаа дагуу ажиллаж байна уу гэдэг бас эргэлзээтэй. Иймээс хүнсний дэлгүүрт хяналт тавих хэрэгтэй байна.
-Ер нь галт тэргэнд явж байгаа иргэд эд зүйлээ хулгайд алдах, архидан согтуурах тохиолдол гарч байна уу?
-Галт тэргээр үйлчлүүлж байгаа иргэд өөрсдийнхөө эд зүйлийг хайхрахгүй байна. Өөрсдийнхөө эд зүйлийг хамгаалж явах хэрэгтэй. Хайхрамжгүй байдлаас болж эд зүйлээ хулгайд алдах эрсдэлтэй. Мөн бага насны хүүхдийг хараа хяналтгүй явуулж байгаа тохиолдол их гарч байна. Иймээс эцэг эхчүүдийн хараа хяналтгүй хүүхдийг галт тэргэнд суулгахгүй байх хэрэгтэй байна. Хүүхэд буух газраа андуурах, эсвэл унтаж өнгөрөх зэрэг эрсдэл гарах учраас аль болох хараа хяналттай явуулах хэрэгтэй. Галт тэргэнд архи согтууруулах ундаа хэрэглэхийг хориглочихсон.
Архидан согтуурсан үедээ зорчигчид бие биенээ үл хүндэтгэж маргаан үүсгэдэг. Иймээс архи согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон. Гэвч иргэд нууцаар архи согтууруулах ундаа авч суух тохиолдол цөөнгүй гардаг. Олон хүн зорчиж байгаа учраас бусдын эрх ашгийг хүндэлж явах хэрэгтэй. Галт тэргэнд архи согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд зөрчлийн хуулиар хариуцлага тооцно.