Галт тэрэгний хөдөлгөөн эрчимжиж, гармын ачаалал нэмэгдэнэ


Төмөр замаар тээвэрлэх төр, хувийн хэвшил, иргэдийн ачаа өдөр бүр өсөхийн хирээр УБТЗ-ын тээх нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангах зайлшгүй шаардлага тулгарч байна. Тийм учраас УБТЗ өөрийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх орчин үеийн шинэ системийг ашиглаж эхлэхэд бэлэн болоод байна. Өмнө нь хоёр өртөө, зөрлөгийн хоорондын замд зөвхөн нэг галт тэрэг аялдаг байсан бол энэхүү системийг ашиглаж эхэлснээр хэд хэдэн галт тэрэг ар араасаа зэрэг аялах бололцоотой болох юм. Ингэснээр төмөр замын хөдөлгөөн улам эрчимжиж, төмөр замын гармын эзэлгээтэй байх хугацаа уртсах болно. Өөрөөр хэлбэл өмнө нь нэг галт тэрэг төмөр замын гармаар нэвтрэн өнгөрөхөд 3-4 минут зарцуулдаг байсан бол одоо 2-3 галт тэргийг явж өнгөртөл төмөр замын гарам нээгдэхгүй тул жолооч зорчигч нар хүлээх шаардлагатай болох юм.
Энэхүү шинэ систем ашиглалтад орсны дараах анхны багц галт тэрэгний аяллыг УБТЗ амжилттай зохион байгууллаа. Эдгээр галт тэргийг нийслэлийн авто тээврийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд шөнийн цагаар тав таван минутын зайтайгаар аялуулсан бөгөөд эдгээр багц галт тэргийг Улаанбаатар хотод байдаг хэд хэдэн төмөр замын гармаар нэвтрэн өнгөрөх хугацаанд эдгээр гармууд дунджаар 17 минут хаалттай байлаа. Цаашдаа багц галт тэргийг өдрийн цагаар ч аялуулах учраас нийслэл болон хөдөө орон нутгийн гармаар жолооч, явган зорчигч нар нэвтрэхдээ нэг галт тэрэг явж өнгөрсний дараа дахин галт тэрэг явахгүй гэсэн хэвшсэн ойлголтоороо төмөр замын аюултай бүс-гарам руу нэвтэрч эрсдэлд учрах аюулаас сэрэмжлүүлж байна.
Төмөр замын болон авто тээврийн хөдөлгөөн улам эрчимжиж байгаа учраас Улаанбаатар хотод байдаг хамгийн их ачаалалтай хоёр гармыг яаралтай ижил бус түвшний гүүрэн замтай болгох асуудал чухлаар тавигдаж байна.
Мэдээллийн эх сурвалж: “УБТЗ” ХННскачать dle 12.0

Холбоотой мэдээ