Газар хөдлөлт гамшиг дагуулж мэдэх нь
- Гурван Богдын хагарал дохио өгч эхлэв үү
- Улаанбаатарт 6.5-7.6 баллын газар хөдлөлт болсон тохиолдолд нийт барилга байгууламжийн 20-50 хувь нь нурж, 30-60 мянган хүн нас барж, 200-300 мянган хүн газар хөдлөлтийн гамшгийн хохирогч болох магадлалтай гэсэн тооцоог JAICA-ийн судалгааны багийнхан гаргажээ
- Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэр тодруулбал Тонхил сумын төвөөс зүүн урагш 30 километрийн зайд 5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, аймгийн оршин суугчид төдийгүй Баян-Өлгий, Ховд, Завхан аймгийн зарим сумын иргэдэд мэдрэгджээ. Үүнээс хойш тухайн цэгт газар хөдлөлтийн давтамж 400 гаруй удаа болсон байна.
- Газар хөдлөлтийн давтамж нэмэгдээд байхаар хүчтэй газар хөдлөлт болох нь гэж хүмүүс ойлгодог. Гэвч янз бүр л дээ. Тухайн бүс нутагт жижиг идэвхжлүүд явагдаж байгаад зогсож болно. Бас жижиг идэвхжлүүд нэмэгдээд улам хүчтэй хөдөлж болно. Энэ нь тухайн бүс нутгийн онцлогоос хамаардаг
XX зуунд дэлхийн хэмжээнд найман магнитудын хүчтэй газар хөдлөлт 33 удаа тохиолдсоны дөрвөн нь Монголд болсон байдаг. Эдгээр газар хөдлөлтүүдийн нэг болох 1957 оны арванхоёрдугаар сарын 4-нд Говь-Алтайн нурууны үргэлжлэл Гурван Богдод болсон 8.3 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн уршгаар газрын гадаргууд 270 км урт үргэлжилсэн гүн хагарал үүсэж, 10 гаруй хүн амиа алдаж, 1000 гаруй мал хад чулуунд дарагдан үрэгдэж, тухайн үеийн эдийн засгийн үнэлгээгээр 10 гаруй сая төгрөгийн хохирол учирсан нь Монгол орны нутаг дэвсгэр газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдог болохыг баталсан үзэгдэл болжээ. Үүнээс хойш газар хөдлөлтийг бүртгэх станцын тоог нэмэгдүүлэх, газар хөдлөлтийн мэдээлэл боловсруулалтын үр дүнг гадаад орнуудтай харилцан солилцох асуудлыг нутаг дэвсгэрийнхээ онцлогт тохируулан хийх шаардлага тулгарсан юм. Эдүгээ манай улсад жилд газар хөдлөлтийн 10 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж байна. Энэхүү голомт сүүлийн үед нэлээд идэвхжээд байгаа аж. Энэ сарын 20-нд Говь-Алтай аймгийн нутагт, тодруулбал Тонхил сумын төвөөс зүүн урагш 30 километрийн зайд 5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, аймгийн оршин суугчид төдийгүй Баян-Өлгий, Ховд, Завхан аймгийн зарим сумын иргэдэд мэдрэгджээ. Үүнээс хойш тухайн цэгт газар хөдлөлтийн давтамж 400 гаруй удаа болсон байна. Түүнчлэн 2020 он гарснаас хойш Улаанбаатар хотод 2.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт есөн удаа бүртгэгджээ. Ер нь сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн давтамжийн тоо олширч, магнитуд нь нэмэгдэж буйг судлаачид хэлэх боллоо. Иймээс ойрын үед эс бөгөөс хэдэн жилийн дараа хүчтэй газар хөдлөлт болж болзошгүй гэж мэргэжлийн хүмүүс таамаглаж буй юм. Тиймээс үер усны аюул, газар хөдлөлт дэлхий дахины хамарсан халдварт өвчин гээд хэлж ирдэггүй гамшгуудын өмнө бид бэлэн байдлыг хангах шаардлага тулгарч байгаа юм. 1990-ээд оноос хойш монголчуудын дийлэнх нь хот суурин газарт төвлөрөх болсон. Энэ нь байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө их хохирол амсаж мэдэхээр нөхцөл байдлыг үүсгэж байна.
Улаанбаатар хот өдгөө сая 300 мянга гаруй хүн амтай болоод байна. Мөн гудамж талбайн зай улам нарийсч, өндөр шилэн барилгууд босох болсон нь газар хөдлөлт тохиолдоход асар их хохирол учрах нөхцөл бүрдээд байгаа гэсэн үг юм. 2018 онд Улаанбаатар хотын орчимд 873 удаа газар хөдлөлт бүртгэгдсэн нь 2017 оныхоос 200 тохиолдлоор нэмэгджээ. Манай орны нийт нутаг дэвсгэрийн 55.4 хувь нь газар хөдлөлийн 7-8 баллын ангилалд, 9 ба түүнээс дээш баллын ангилалд 19.6 хувь нь хамрагддаг аж. Монгол Улсын нутаг дэвсгэрт хийсэн газар хөдлөлтийн судалгаагаар хот, суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн 7 ба түүнээс дээш, 12 сум, суурин газар нь газар хөдлөлтийн 9 ба түүнээс дээш баллын газар хөдлөлийн чичирхийллийн бүсэд оршдогийг тогтоожээ. Эдгээр хот сууринд нийт хүн амын 85 хувь нь амьдарч байна. Улаанбаатар хотын ойр орчимд л гэхэд газар хөдлөлтийн идэвхжилтэй зургаан цэг бий аж. Тэдгээрээс Сонгинохайрхан дүүргийн Эмээлт болон Баянзүрх дүүргийн Гүнжийн хоолойн орчимд хагарал нэлээд идэвхжиж буйг Одон орон гоефизикийн судалгааны төвийнхөн сануулсаар байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас газар хөдлөлтөд тэсвэргүй болон нурах аюултай барилгуудын жагсаалтыг гаргасан байдаг. Уг жагсаалтын эхэнд хотын төвийн барилгууд 40, 50 мянгат, Соёлын төв өргөө зэрэг багтаж буй. Түүнчлэн анх барихдаа газар хөдлөлтийн баллд тэсвэртэй эсэхийг нь тооцоолоогүй барьсан барилга байгууламжууд олширсон нь онцгой байдлынхны санааг чилээсэн асуудал болсоор ирлээ. Зарим барилга байгууламж онцгой байдлын үед аврах ажиллагаа явуулах боломжгүй байгаа нь Улаанбаатар хотыг улам эрсдэл өндөртэй бүс болгож буйг мэргэжилтнүүд хэлж байсан билээ. Сүүлийн үед дийлэнх барилгаа зориулалтын бусаар ашигладгаас шалтгаалан газар хөдлөлтийг тэсвэрлэх чанар нь буурч буй тухай ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн судлаачид үзжээ. Улсын хэмжээнд төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилгуудаас 148 нь газар хөдлөлтөд тэсвэргүй, шууд нурах эрсдэлтэй гэсэн судалгаа гаргажээ. Улаанбаатарт 6.5-7.6 баллын газар хөдлөлт болсон тохиолдолд нийт барилга байгууламжийн 20-50 хувь нь нурж, 30-60 мянган хүн нас барж, 200-300 мянган хүн газар хөдлөлтийн гамшгийн хохирогч болох магадлалтай гэсэн тооцоог JAICA-ийн судалгааны багийнхан гаргажээ. Хот төлөвлөлт алдагдаж, барилгын стандарт үйлчлэхгүй болсон нь байгалийн хүчин зүйлийн өмнө асар их хохирол амсаж болзошгүй нөхцөлийг бүрдүүлж буйг судлаачид хэлдэг. Уг нь бол барилга байгууламжуудыг газар хөдлөлтөөс хамгаалах системтэй барих ёстой аж. Харин манайд улсад олон улсын стандарт мөрдөгддөггүй нь харамсалтай. Манай улсад гамшгийн үед ажиллах стратеги төлөвлөгөөгүй ч коронавирусын халдварын үед зохион байгуулалт, дэг журам сайтайгаа дэлхий нийтэд харуулсаар байна. Иймээс цаашид тохиож болзошгүй газар хөдлөлт, нийтийг хамарсан бусад гамшгийн үед дагаж мөрдөх эрсдэлийн менежментээ хуульчлан гаргаж, түүнтэй уялдуулан бэлтгэлээ базаах цаг ирснийг дэлхий хөрсөө шилгээн сануулсаар байна.
А.Мөнхсайхан: Сул газар хөдлөлтүүд хүчтэй газар хөдлөлтийн урьтал ч байж болно
Бид Одон орон геофизикийн Хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын судлаач А.Мөнхсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
-2020 он гарсаар Говь-Алтай аймаг болон Эрдэнэтэд таваас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдээд байна. Эдгээрийг урд жилүүдтэй харьцуулахад магнитуд нь нэмэгдэж байгаа юу?
-2020 оны гуравдугаар сарын эхний хагасын мэдээгээр Монгол орны нутаг дэвсгэрт нийт 11 мянга гаруй удаагийн газар хөдлөлт бүртгэгдээд байна. Гуравдугаар сарын 20-нд Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт 5.8 магнитудын газар хөдлөлт болсон. Энэхүү газар хөдлөлт нь Говь-Алтай аймгийн сумд болон, Ховд, Баян-Өлгий, Завхан аймгийн зарим нэг сумдын оршин суугчдад мэдрэгдсэн байна. Энэ нь 2020 он гарснаас хойш болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт болоод байна. Гуравдугаар сар гарсаар тус аймагт 3.5 дээш хүчтэй газар хөдлөлт гурван удаа болсон. Мөн энэ сарын 3-нд Орхон аймгийн Жаргалант сумын нутагт 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Энэ нь Орхон аймгийн оршин суугчид хүчтэй мэдрэгдсэн. Монгол орны нутаг дэвсгэр нь Төв Азийн эх газрын газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутагт оршдог. Газар хөдлөлтийн давтамж нэмэгдээд байхаар хүмүүс хүчтэй газар хөдлөлт болох нь гэж ойлгодог. Энэ нь харьцангуй ойлголт л доо. Тухайн бүс нутагт жижиг газар хөдлөлтүүд олноор болж байгаад хүчтэй газар хөдлөлт болохгүй зогсож ч болно. Бас жижиг газар хөдлөлтүүд олноор болж байгаад газар хүчтэй хөдөлж болно. Энэ нь тухайн бүс нутгийн онцлогоос хамаардаг. Тонхилын нутагт болсон газар хөдлөлт бол Монгол Алтай болон Говь-Алтайн хагарлын уулзвар хэсэгт болсон. Энд өмнө нь газар хүчтэй хөдөлж байсан. Тэгэхээр тодорхой хугацааны дараа хүчтэй газар хөдлөлт болж магадгүй гэсэн үг.
-Гуравдугаар сар гарсаар 5-аас дээш магнитудтай газар хөдлөлт хэд хэдэн удаа бүртгэгдлээ. Судлаачид үүнийг юу гэж үзэж байгаа вэ?
-Зөвхөн Монголд гэлтгүй дэлхий дахинд ч 5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Тухайлбал, гуравдугаар сарын 18-нд АНУ-ын Юта мужид 5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдлээ. Мөн энэ сарын 22-нд Хорватад газар хөдлөлт болж, тодорхой хэмжээний хохирол учирсан талаар олон улсын мэдээнд дурьдсан байна.
-Манай улс 1983 онд газар хөдлөлийн ерөнхий мужлалын зураг гаргасан. Түүнээс хойш тоо нь олширч, давтамж нь нэмэгдэх боллоо. Энэ зургийг шинэчлэх боломжгүй юу?
-1983 оноос хойш өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд манай эрдэмтэн судлаачид газар хөдлөлтийг бүртгэх нарийн багаж тоног төхөөрөмжөөр арвин мэдээллийн санг бүрдүүлж газар хөдлөлийн судалгааны ажлыг орчин үеийн шинэ техник технологи, судалгааны арга ашиглан гүйцэтгэж байна. Эдгээр судалгааны ажлуудын үр дүнг тусгасан “Монгол орны газар хөдлөлийн ерөнхий мужлал”-ын зургийг 2018 онд шинэчлэн Барилга хот байгуулалтын яаманд хүлээлгэн өгсөн.
-Улаанбаатар хотын хувьд ямар байгаа вэ?
-Сүүлийн жилүүдэд ажиглагдсан газар хөдлөлтийн статистик үзүүлэлтээс харахад Улаанбаатар хот орчмын нутаг дэвсгэрт жилд дунджаар 80-100 газар хөдлөлт тохиолддог байсан бол 2005 оноос энэ тоо огцом өсөж 1000 гаруй газар хөдлөлт ажиглагдах болсон. Тус бүс нутагт болж буй газар хөдлөлтүүдийн давтамж өнөөг хүртэл буурах хандлага ажиглагдахгүй байна. Тиймээс бид газар хөдлөлт бүртгэх 20, геофизикийн 20 гаруй станц суурилуулан байнга хянаж байна. Эдгээр станцууд нь маш бага магнитудын газар хөдлөлтийг ч хянах боломжтой. Жижиг хөдлөл олон болох нь хүчтэй хөдлөл болох мэдээлэл байх талтай.
-Дэлхийн дулааралтай холбоотой газар хөдлөлт болох тохиолдол байдаг уу?
-Энэ талаар хийгдсэн судалгаа шинжилгээний мэдээлэл сонсож байгаагүй. Судлаачид тэгж хэлдэггүй.
Б. ГандолгорЗасгийн газрын мэдээ сонин