Шинэ Зеландад халдлага үйлдсэн этгээд 51 хүний амь хороосноо хүлээн зөвшөөрчээ
Жилийн өмнө Шинэ Зеландын Крайстчерч хотод исламын сүмүүдэд зэвсэгт халдлага гарч 51 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархадсан юм. Уг хэрэгт холбогдуулан 29 настай Брентон Таррант гэгчийг баривчилж мөрдөн байцаах ажиллагаа явуулж буй. Өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдэж байсан Таррант өчигдөр 51 хүний амь насыг хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Хөл хорионы улмаас олон нийтэд хаалттай болсон шүүх хуралд Б.Таррант болон түүний өмгөөлөгч, амиа алдагсдын гэр бүлийг төлөөлөн нэг хүн цахимаар оролцжээ. Б.Таррантад ял оноох шүүх хурлыг ирэх зургаадугаар сард товлох төлөвтэй байна. Шинэ Зеланд цаазын ялгүй тул түүнд бүх насаар нь хорих ял ногдуулах магадлалтай.