Цар тахлын дараах бидний амьдрал
COVID-19 бидний амьдралыг үүрд өөрчлөх боломжтой юу? Технологи, эдийн засаг, анагаах ухаан, улс төрийн чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдийн санаа бодлоос хуваалцья.
Шинэ коронавируст халдвар мэдээж бидний амьдралыг өөрчилж байгаа. Энгийнээр бодоход дэлхийн 7,8 тэрбум хүний дөрөвний нэг нь өдгөө хорио цээрийн дэглэмд аж төрж, улс орнууд халдвараас сэргийлэн иргэдийн зорчих хөдөлгөөн, нийгмийн харилцааг хязгаарлах гэж чадлаараа зүтгэж байна.
Дэлхийн олон орон хилээ хааж, нисэх онгоцны буудал, зочид буудал, бизнесүүд хаагдаж, сургууль боловсролын үйл ажиллагаа цуцлагджээ. Өмнө нь тохиолдож байгаагүй нөхцөл байдал эдийн засгийн хямрал дагуулж, ажлын байр ихээр хорогдон, өлсгөлөн ядуурал газар авч байна.
Одоогоор олон зүйл тодорхойгүй байгаа ч цар тахлын дэгдэлт бидний амьдралын хэвшил, ажиллах хэв маяг, шашин шүтлэг, зугаа цэнгэлийг хүртэл бүрмөсөн өөрчилж чадна гэж шинжээчид үзэж байна. Гэхдээ муу зүйл биш харин ч илүү сайнаар өөрчлөгдөх гол түлхүүр юм.
Тэгэхээр ирээдүй ямар байх бол?
"Аналоги ертөнц" хямралд өртөх тусам технологийн бизнес хүчирхэгжинэ
Технологийн шинжээч Эндрю Кин:
Зочид буудал, зоогийн газар, нисэхийн салбар зэрэг уламжлалт аналоги технологид тулгуурласан бизнесүүд хамгийн түрүүнд хямралд өртөж байна. Тоон технологи өдрөө өдөрт хүрээгээ тэлж буй. Чухамдаа технологийн ачаар л бид тахлын үеийг даван туулж байна. Гэрээсээ ажил эрхэлж, гар утсаар дамжуулан дэлхий ертөнцтэй холбогдож байна. Нэгэнт тоон технологийн давуу талыг мэдэрсэн тул цар тахлын дараах ертөнцөд технологийн компаниуд улам хүчирхэгжинэ.
Zoom мэтийн гарааны бизнесээс эхлээд Google, Apple, Facebook, Paypal зэрэг томоохон тоглогчид хямралаас урт хугацааны үр өгөөж хүртэх нь тодорхой. Тахлаас өмнө өндөр технологийг ихээр шүүмжилдэг байв. Өнөөгийн амьдрал технологиос бүрэн хамааралтай болохыг ойлгох тусам хүмүүс Цахиурын хөндий рүү дайсагнахаа больж, ядахдаа л хэсэг хугацаанд мартах болно.
Засгийн газрууд иргэдийнхээ шилжилт хөдөлгөөнийг хянахын тулд технологи ашиглаж байна. Магадгүй вирусийн тархалтыг хянахад энэ нь хамгийн хүчтэй зэвсэг байж болох юм. Тухайлбал, Израиль зэрэг улс орнууд вирусийн тархалтыг хянахын тулд ухаалаг утасны тусламжтайгаар хэн хаана байгааг олж тогтоох алхам хийж байгаа. Нөгөөтэйгүүр энэ нь хүний эрх чөлөө, хувийн нууцад халдах сөрөг талтай ч тийм шинэ зүйл биш. Технологийн хурдац яваандаа камерын дурангаас нуугдахаас иүүтэй бидний нийгэм, улс төрийн эрхэнд нөлөөлнө.
Хямрал аль хэдийн суларсан өрнөдийн ертөнцийг сөхрүүлж, Хятадад үр өгөөжөө өгөх болно. Учир нь энэхүү тахал өвчнийг тэд л анх удаа мэдэрч, даван туулж чадсан шүү дээ. Хятад, Сингапур, Өмнөд Солонгос зэрэг улсуудын авч хэрэгжүүлсэн технологийг хатуу дэглэмтэй хослуулсан арга барил өрнөдийн ардчилсан загвараас илүү амьдрах чадвартай нь нотлогдлоо. Хүний эрх чөлөө, нууц, хувийн нууцын талаар санаа зовниж байгаа хүмүүст хандах хэлэхэд коронавирусын дараа дэлхий ертөнц илүү дээр болно.
Олон улсын хамтын ажиллагаа багасна
Их Британийн Кингс коллежийн профессор Андреас Криг:
COVID-19-ийн нөлөөгөөр дижитал шилжилт түргэсэн аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал, төрийн үйлчилгээний хурд нэмэгдэнэ. Гэхдээ энэ хэрээр иргэд, төр хоорондын харилцаа алсрах магадлалтай. Өөрөөр хэлбэл либерал нийгмийн нэг үндэс болсон иргэний үндсэн эрх зөрчигдөнө. Эрх баригчид хувийн мэдээллийг чинь авахдаа аюулгүй байдлыг амлах ч дижитал технологийн тусламжтайгаар хяналтаа тогтоох нь тодорхой.
Олон улсын түвшинд хамтын ажиллагаа бага байх болно. Үндсэрхэг үзэл, тусгаарлах хандлага газар авна. Популист улстөрчид иргэдийн айдас түгшүүрийг ашиглан "гаднын", "гадаад" гэсэн бүхнийг жигших үзлийг дэвэргэдэг.
Өнөө цагт тулгарч буй нийгмийн эрүүл мэндийн хямрал нь эдийн засгийн зэрэгцээ засаглалын хямрал, эмх замбараагүй байдал дагуулах магадлалтай. Эрүүл мэндийн тогтолцоо эмзэг, санхүүгийн дарамттай нөхцөлд иргэд хөл хориог ч тоохгүй зуу зуун мянгаараа гудамжинд гарч дэглэмээ татан буулгахыг шаардах вий.
Бидний дадал зуршил, үнэт зүйлсийн өөрчлөлт
Ирландын Дублин хотын Эдийн засаг, нийгмийн судалгааны хүрээлэнгийн судлаач Пит Лунн:
Олон хүмүүс үүнийгээ эргэж харах болно гэдэгт итгэлтэй байна. Нийгэм тэр чигтээ сорилттой тулгарсан энэ мөч бидэнд өнгөрсөнөө эргэцүүлж харах, хойшдын зорилгоо тодорхойлж харах цаг хугацаа олгож байна. Хувь хүний, гэр бүлийн цаашлаад нийгмийн дадал зуршил бүхлээр өөрчлөгдөж ч магад. Иддэг хоол хүнснээс эхлээд өдөр тутмын амьдралын хэвшил, нийгмийн харилцаанд ч цар тахлын дэгдэлт нөлөөлж өөрчилж байгаа.
Дайн тулаан, гамшиг зовлонг даван туулж буй нийгэм илүү нягт холбоо үүсгэдэг гэдгийг бид мэднэ. Эцсийн дүндээ хүмүүс бид биесээ хайрлан энэрч, хамтын хүчин чармайлтаар ямар үр дүнд хүрч болохоо ойлгож чадвал хамгийн том олз.
Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хувьсгал
Сиэттл дэх Вашингтоны Анагаах ухааны сургуулийн дэд профессор Вин Гупта:
Бидний амьдарч буй зуун нийгмийн эрүүл мэндийн ийм хурц асуудалтай тулгарч байсангүй. Үнэндээ эрүүл мэндийн аюулгүй байдлыг цөмийн зэвсэггүй болох, терроризм гэх мэт бусад аюул заналуудтай адил тэргүүлэх түвшний асуудал гэдгийг дэлхий нийтээрээ одоо л ойлгох шиг боллоо.
Ихэнх улс орны хувьд цар тахал эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнийх нь үнэн дүр төрхийг ил гаргалаа. Энэ нь дэлхийн хүн амд сэтгэлзүйн хувьд асар их дарамт учруулсан нь тодорхой. Засгийн газрууд одоо эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах, стратегийн нөөцийг бий болгох, түргэн тусламжийн эмнэлгийн дэд бүтцийг өргөжүүлэх зэргээр яаралтай арга хэмжээ авч, өвчинтэй тэмцэхэд цэрэг армидаа илүү их найдаж байгааг бид харж байна.
АНУ-д ч гэсэн эрүүл мэндийн төсөв хангалттай бус байсныг бид харлаа. Магадгүй 2020 оны сонгуулийн гол асуудал энэ болох байх. Бид одоо дэлхий даяар эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд хувьсгал хийх цаг болсон. Дижитал технологи улам бүр өргөжиж буй нөхцөлд телемедицины хэрэглээ нэмэгдэх хандлагатай байна. АНУ-ын хүн амын гуравны нэг нь телемедициныг аль хэдийн хэрэглэж хэвшсэн. Одоо хүмүүс үүнд найдахаас өөр сонголт үлдээгүй. Иргэд энэ аргыг ашиглах тусам итгэлтэй болно. Телемедицин бидэнд илүү хурдан бас хямд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг олгодог.
Шашны үндсэн мөн чанар аюулд ороод байна
Малайзын Үндэсний Их Сургуулийн судлаач Мохд Файзал Муса:
Цар тахал сүүдрээ тусгасан нэг тал бол шашин соёл. Өмнөд Солонгос, Иран, Малайз, Энэтхэг зэрэг оронд шашны цугларалт, мөргөлийн газруудтай холбоотойгоор өвчлөгсдийн тоо үлэмж нэмэгдэж байв. Орчин үеийн түүхэнд исламын шашны сунни ба шийт урсгалын ариун газрууд ингэж аюулгүй байдлын улмаас хаалттай байсангүй.
Нэг сарын дараа Рамадан сар эхэлнэ. Нөхцөл байдал дээрдэхгүй бол мэдээж ариун мөргөлүүд цуцлагдана. Энэ бүхнийг ямар ч өндөр технологиор орлох боломжгүй. Мэдээж, бид номлолыг цахимаар үзэж сонсож болох ч хүнд зан үйл, итгэл үнэмшил төрүүлдэг ариун орчин үгүйд шашин шүтлэгийн гол утга учир алдагдана. Зан үйл гэдэг шашны мөн чанарыг бэлгэддэг тул энэ нь маш чухал юм.
Дэлхийн худалдаа өргөжиж, тэгш бус байдал багасна
АНУ-ын Жоржтауны их сургуулийн профессор Шанта Деваражан:
COVID-19 тахал бидэнд дэлхийн худалдаа хэрхэн даяарчлагдсан болохыг тод томруун харууллаа. Амны хаалт, хамгаалалтын хувцасны гол үйлдвэрлэгч улсуудад доголдол үүсэхэд л дэлхий нийтээр хомсдолд орж байна. Гэхдээ энэ бэрхшээл түр зуурынх. Тахлын дараа худалдаа бүрэн сэргэж, улам өргөжинө гэдэгт итгэж байна.
Үндэсний хэмжээнд энэхүү тахал олон улс орныг нийгмийн бодлогоо, ялангуяа эрүүл мэндийн салбараа эргэн харахад хүргэлээ. Үүнээс гадна албан бус салбарт ажиллагсдад туслах хүчин чармайлт нэмэгдэнэ. Эдгээрийг бодлогоор дэмжиж чадвал нийгэмд тэгш бус байдлыг бууруулахад үлэмж тустай.
Засгийн газрууд одоо цар тахлаас болж хямралтай нүүр тулж буй санхүүгийн салбар, компани аж ахуйн нэгжүүдэд туслах арга хэмжээ авч байгааг бид харж байна. Энэ нь гол төлөв эдийн засгийг цаашид уналтад оруулахгүй байхад чиглэж байгаа. Цар тахлын дараа эдгээр компаниудын бодлогын чиглэлд өөрчлөлт гарч болзошгүй ч аль болох шаардлагагүй тохиолдолд татаас өгөх, татварын хөнгөлөлт үзүүлэхээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй.