Н.Энхболд: Улсын төсвийг тодотгох эсэхийг Засгийн газар албан ёсоор яриагүй
Батлан хамгаалахын сайд, Улсын онцгой комиссын дэд дарга Н.Энхболдоос цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
-Шинэ төрлийн коронавирусийн халдвартай холбоотойгоор эдийн засгийн хүндрэлүүдийг хэрхэн даван туулах вэ. Одоогоор улсын төсөв нэг их наяд төгрөгөөр тасалдсан гэсэн мэдээлэл бий. Харин Засгийн газар төсөвт тодотгол хийхгүй гэсэн байр суурь илэрхийлж байна лээ?
-Засгийн газрын хурлаар албан ёсоор төсвөө тодотгох уу, үгүй юү гэж яриагүй. Сангийн сайдын хувьд одоохондоо төсөв тодотгох хэмжээнд хүрээгүй гэсэн. Гэхдээ анхаарах зүйлүүд бий. Төсвийн орлого төлөвлөснөөс тодорхой хэмжээгээр тасарсан. Хэтэрхий удаан хугацаанд амьдралын хэвийн байдлыг алдагдуулж, үйлдвэр, аж ахуйн газруудыг хааж, үйлчилгээ, худалдаа наймааг хязгаарлавал, энэ нь өөрөө сөрөг үр дагавартай гэдгийг бодолцож байгаа. Ямар ч гэсэн холбогдох албаныхан төсвийн орлогын эх үүсвэр болох нүүрс, нефтийн экспортыг хэвийн хэмжээнд хүргэхээр Хятадын талтай ярилцаж байгаа.
-Урд хөрш рүү нүүрс тээвэрлэлт хийж эхэлсэн. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл ахуй, халдвар хамгаалал талаас нь хэрхэн анхаарч байгаа вэ?
-Гурван сайд гурван боомтод томилолтоор ажиллаж байна. Гол зорилго нь хил дээр ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл ахуй, халдвар хамгаалалтыг хангах чиглэлээр ажиллана. Энэ асуудлаар Хятадын талтай ойлголцож, тохиролцоно. Зөвхөн манайхаас шалтгаалахгүй учраас заавал Хятадын талтай ярилцах ёстой. Нүүрс тээвэрлэлтийн хувьд түр хугацаанд зогссон. Одоо хэмжээг нь нэмэгдүүлж тээвэрлэх шаардлага байна. Хамгийн гол нь хорио цээрийн дэглэм, хоёр талаасаа халдвар тараахгүй байх нөхцөл бололцоог биелүүлэх хэрэгтэй.
-Цагаан сарын баярын өдрүүдэд хөл хорио тогтоож, зорчих хөдөлгөөнийг хязгаарласан. Хэсэг хугацааны дараа дахин хөл хорио тогтооно гэсэн мэдээлэл гарч, энэ тухай иргэд их тодруулж байна. Хөл хорио дахин тогтоох чиглэл бий юү?
-Бид шийдвэрүүдээ зөвхөн Монголынхоо нөхцөл байдлыг харж гаргахгүй байгаа. Дэлхийд болж буй үйл явц хийгээд өвчний тархалтыг ажиглаж байна. Хөрш зэргэлдээ, байнга холбоотой байгаа улс орнууд болох Япон, Солонгос, Хятад, Орос, Турк, Германы нөхцөл байдал, тэндээс дамжиж ирсэн иргэд ямар байгааг харж байж л шийдвэр гаргана. Зөвхөн нэг талаас шалтгаалаагүй учраас хөл хориог сунгах эсэхийг одоо хэлэх боломжгүй.
-Гуравдугаар сарын 30 хүртэл зарласан онц байдлыг сунгах уу?
-Сунгахгүй байх юм сан л гэж бодож байна. Мөн л олон нөхцөл шалтгаанаас хамаарна. Халдварыг нарийн судалж байгаа улс орнуудын дүгнэлтээс үзэхэд дэгдэлт нь дээд цэгтээ хүрээгүй гэсэн байна. Тэр тусмаа бид их болгоомжтой байх ёстой. Бид эхний ээлжид халдварыг ямар ч гэсэн оруулж ирэхгүй байх зорилго тавин ажиллаж байна. Нэг ороод ирвэл дахих магадлал маш өндөр гэсэн. Өмнөх титэмт вирусийн халдваруудаас шинэ төрөл нь тархалт нь их хурдан байгаа. Одоогоор дэлхийн 90 гаруй улс оронд тархчихлаа. Нөхцөл байдлыг тухай бүрт нь харж байж шийдвэрлэнэ.
Манай улс нэлээд эртнээс арга хэмжээ авсан нь үр дүнтэй байна. Ер нь вирусийн төрлийн өвчнүүдийн дэгдэлт зүй тогтолтой байдаг гэнэ. Удах тусам халдвар дамжих, дэгдэх чанарууд нь бага болдог гэсэн онол бий. Тиймээс манайд халдвар орж ирэхгүй удах тусмаа бидэнд ашигтай. Үүний хажууд мэдээж хүндрэлүүд байна л даа. Хүмүүсийн амьдралын тав тух, дэглэм алдагдаж байгаа. Гэхдээ бүгд нэг зорилго, ойлголттой энэ асуудлын ард гарах ёстой. Дэлхийн улс орнуудад хамгийн түрүүнд эмчлэх сэргийлэх гэхээсээ илүү ард иргэдэд хэрээс хэтэрсэн айдас хүйдэс төрүүлэхгүй байхад маш их анхаарч байна. Тэгэхээр урьдчилан сэргийлэхээс гадна хүмүүст зөв ойлгуулах, өөрийгөө хамгаалах арга хэрэгслүүдийг зааж өгөх, бүгд дор бүрнээ хичээж байж л даван туулах ёстойг ойлгуулах нь чухал.
Эх сурвалж: Eagle.mn