Ачаа болон тээвэрлэгч нараас коронавирус илрээгүй байна
Нийслэлийн Мэргжлийн хяналтын газрын Экспорт импорт, Хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч нар ХӨСҮТ, ЗӨСҮТ, Улаанбаатар хот дахь Гаалийн газар, Цагдаагийн газартай хамтран "Интердесижн", "Ти Ай Ложистик", "Монгол транс" дахь гүний гаалийн хяналтын бүсүүдэд тусгай үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Тусгай үйл ажиллагаа гэдэг нь тэдгээр албан хаагчид ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжиж, Алтанбулаг боомтоор импортлогдож буй ачаа, бүх төрлийн бараа бүтээгдэхүүн, тээврийн хэрэгсэл, жолооч нарыг цагдаагийн хамгаалалт доор хүлээж авах, халдваргүйжүүлэх, тусгаарлах, сэжигтэй тохиолдлыг илрүүлэх ажиллагаа явуулж буйг хэлж буй юм.
Өнгөрөгч сарын 19-нөөс эхлэн 202 ачааны автомашиныг өндөржүүлсэн бэлэн байдалд хүлээн авч 73 гадаад, 144 монгол жолоочоос эрүүл мэндийн асуумж авч, биеийн халууныг үзэж, өвчний сэжигтэй тохиолдол илэрвэл ХӨСҮТ-д шилжүүлэх бэлэн байдлыг ханган ажилласан байна.
Мөн тээврийн хэрэгслийг ариутган халдваргүйжүүлж, ачааг өндөр хяналт шалгалт дор дээж авч, гаалийн баталгаат агуулахад битүүмжилсэн байна. Улсын Мал Эмнэлэг Ариун цэврийн Төв лабораторид 31 аж ахуйн нэгжийн гахайн мах, өөх, тахианы мах, өндөг, малын сүү зэрэг 32 нэр төрлийн бүтээгдэхүүн, ХАБҮЛ лабораторид боловсруулсан хүнс, жимс, хүнсний ногоо, булцуу, хүнсний нэмэлт, сав баглаа боодол, цагаан будаа, шар айраг, иогурт зэрэг 36 аж ахуйн нэгжийн 88 нэр төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч хүргүүлжээ. Лабораторид шинжлэгдсэн дээжнээс эерэг сорьц илрээгүй аж.