Тэг рүү тэмүүлэх хүч

-Тэглэлтийн цаадах сэглэлтийн дэглэлт-
Дэлхий даяараа “титэм” хэлбэрт вирусээс айж эхлэх цаг дор монголчуудын амнаас өөр нэгэн үг салахгүй байгаа нь “тэглэх”. Ерөнхийлөгчийн ард түмэндээ шинэ жилийн бэлэг болгон хэлсэн үг ингэж газар авна гэж өөрөөс нь өөр хэн саналаа. Тэтгэвэрээс өөр орлого олох боломж хомс ахмадууд маань бүр амьсгаа даран хүлээж байх шиг. Олон нийтийн энэ хүлээлтийг хүч болгон ашиглах хүсэл тэмүүлэл ч цөөнгүй хүнд байх шиг.
Олон нийтийн хүчийг юутай ч зүйрлэх аргагүй. Энэ хүч хэдий сарнимал, идэвхгүй харагдав ч нэгэн зорилгод чиглэвэл ямар ч үр дүнд хүрч болохыг баталсан жишээ олц он. Манай улсын түүхэнд, нэн ялангуяа нэн шинэ үеийн түүхэнд ийм жишээ олон. Нэг зууны дотор хаант засаг, коммунист дарангуйлал, ардчилсан засаглал гээд гурван төрийн нүүр үзэж, гурван хувьсгал хийсэн ард түмэн дэлхий дээр ховор л болов уу.
Н.Энхбаярын “Өр тэглэв” хэмээх өв
Намбарын Энхбаяр хэмээх улстөрч Монголын улс төрийн томоохон үзэгдэл билээ. Түүний анх гаргаж ирсэн “Мянганы зам”, “Их өр тэглэх” гэх мэт үгс одоо ч хүчээ алдаагүй хэвээр. Бүр олон нийтэд цацах арга хэрэгсэл нь ч одоо ашиглагдсан хэвээр. 2003 оны сүүлчийн өдөр, сонгуулийн жилийн босгон дээр эрх баригч МАХН-ын дарга, Ерөнхий сайд Н.Энхбаяр социализмын үеэс хуримтлагдсан ОХУ-д төлөх 11.7 тэрбум шилжих рублийн өрийг тэглэснээ ард түмэнд дуулгаж байв. Хэрэв өрсөлдөгч Ардчилсан намаас “Хүүхдийн мөнгө”- ний популист санаачилга гарч, батламж тараагаагүй бол энэ пи-ар бүрэн амжилт олж эрх баригчид парламентад ахин олонх болох байсан ч байж мэдэх.
Товчхондоо ОХУ-ын Засгийн газар “Их өрийн 98 хувийг нь тэглэж, хоёр хувь буюу 250 сая ам.долларыг Монголын тал төлөх” шийдвэр гаргасныг манай улсын Ерөнхий сайд “Их өр тэглэлээ” хэмээн зарлачихсан хэрэг.
Орчин үеийн Монголыг бий болгосон бүтээн байгуулалтыг санхүүжүүлсэн энэ мөнгөний тооцоолол болоод үндэслэл нь буруу талаар манай түүхч, эдийн засагчид өчнөөн бичиж, Монголоос Зөвлөлттэй хийж байсан ашигт малтмал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлт хэт шударга бус байсныг баталдаг ч, “их хэмжээний өр тавьж” хийсэн ажлын ач холбогдлыг нь үгүйсгэх аргагүй юм. Тийм ч учраас “Их өр тэглэсэн” нь ард түмэнд, тэр дундаа хуучин нийгмийн бүтээн байгуулалтад залуу насаа зориулсан сонгогчдын гол масст таалагдах нь дамжиггүй байв. Хуурмаг утопийн төлөө амьдралаа үрээгүй гэдгийг нь МАХН тэдэнд ойлгуулж, тайвшруулсан хэрэг шүү дээ. Үүнээс МАХН-ын лидерүүдийн олсон улс төрийн ашиг хонжоо одоо ч үргэлжилсээр.
Иванишвилийн “Зээл тэглэв” хэмээх операци
Н.Энхбаярынхаас хавьгүй бодитой үйл ажиллааг Гүржийн тэрбумтан, “Гүржийн мөрөөдөл-Ардчилсан Гүрж” намын лидер Бизина Иванишвили 2018 онд зохион байгуулсан. (Гүржийн мөрөөдөл хэмээх намын нэр нь мань эрийн хүү, алдарт дуучин Берагийн байгуулсан студийн нэр гэж байгаа). Энэ нам 2012 оноос хойш Гүржийн парламентын сонгуулиудад ялалт байгуулж, төрийн эрхийг барьж байгаа. 2016 оны сонгуулиар ч мөн парламентын сонгуулиар 150 суудлын 115-ыг авсан. Гүржийн мөрөөдөл намынхан Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарласан. Намын лидер Бизина Иванишвили бол Гүржийн нийгмийн бүхий л салбарт хуруугаа дүрсэн олигархи. Урлаг соёлын томоохон театруудаас эхлээд олимпын спортын шигшээд, Гүржийн нэр нүүр болсон бөхийн Жүдо, Чөлөөтийн холбоод түүний түрийвчийг л харна.
Тэг рүү тэмүүлэх хүч
Гэтэл 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр өөрийн улс төрийн гол өрсөлдөгч Михаил Саакашвилиг дэмждэг Үндэсний Нэгдсэн Хөдөлгөөний нэр дэвшигч Григол Вашадзе 19 нэр дэвшигчийн дундаас 37.7 хувийн санал авч хоёрдугаар шатанд тунаж үлдэх нь тэр. Хэрэв Григол Вашадзе ялвал Гүржийн улс төрийн домог, Иванишвилийн намын гол өрсөлдөгч, одоогоор улс орноосоо ял сонсчихоод буй Михаил Саакашвилиг өршөөх нь ойлгомжтой байв. Гүржийн Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар үлдсэн цөөхөн эрхийн нэг нь энэ. Ингүүлэхгүйн тулд Гүржийн мөрөөдөгчид Вашадзегээс нэг хүрэхгүй хувь илүү авсан бие даан нэр дэвшигч Саломе Зурабишвилиг дэмжихээ яаран илэрхийлэв. Улмаар сөрөг хүчний гол лидерийг улс төрд эргүүлж авчирахгүйн тулд Иванишвили 3.7 сая хүн амтай энэ орны сонгогчдыг улаан цайм худалдан авах ажиллагаа зохион байгуулжээ. Ингэхдээ сөрөг хүчний нэр дэвшигч Григол Вашадзегийн пи-арын сүүлчийн сумыг өөрт нь ашиглав. Хоёрдугаар шатны санал хураалт болоход хоёр долоо хоног хүрэхгүй хугацаа үлдээд байхад Григол Вашадзе, “Эдийн засгийн хямралд шахагдан зээл авахаас аргагүй болж, авсан зээлээ төлж чадахгүй шахаанд орчихоод буй иргэдийнхээ зээлийг төр чөлөөлөх ёстой” хэмээн популизм хийв. Өөртэй нь зуузай холбож яваа өрсөлдөгчийн араас эрх баригчид улаан цайм дэгтрээд эхлэхээр сүүлийн сум тавьсан нь энэ.
Гэтэл эрх баригчид өөрсдийнх нь удахгүй хэрэгжүүлэх гэж байсан санааг сөрөг хүчин хулгайлсан гэж мэдэгдэх нь тэр. Эрх баригчид 760 ам.доллараас дээш зээлтэй 600 000 иргэнийхээ өрийг тэглэх энэ гайхамшигт хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд, энэ хөтөлбөрийг улс орны хүндхэн төсвөөс бус энэрэнгүй сэтгэлт тэрбумтан, Гүржийн мөрөөдөл намын лидер Иванишвилигийн хяналтанд байдаг “Карту” хандивын сангаас гаргах болсныг зарлалаа. Энэ энэрэнгүй сангийн эдүгээ Гүрж орны төрийн бүх гол эрх мэдлийг хэрэгжүүлж байна. Үр дүнд нь бие даагч, гадаад хэргийн сайд асан Саломе Зурабишвили сонгуульд ялалт байгуулав.
Энэ бол улс орны нийт сонгогчдыг 16 хувьд хүрсэн асар том санал худалдан авалт байсныг өрнө дахин хөндлөнгийн ажиглагчид тэмдэглэсэн. “Transparency International”-ийн Гүрж дэх салбар “Гүрж хэний гарт байна?” ном бичжээ.
Зээл тэглэлээ гээд гүржүүдийн амьдрал сайжирсангүй. Сүүлийн нэг жилийн турш тэмцэл, цуглаан тасарсангүй.
Сөрөг хүчин ирэх 2020 онд болох парламентын сонгуулийг пропорциональ системээр явуулахыг шаардаж, нийслэлийн гудамжинд бэхлэлт босгон тэмцэж буй юм.
Зээл тэглэх уралдаан
Тэг рүү тэмүүлэх хүч
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил Монголд урьд хожид байгаагүй өрсөлдөөнтэй байв. Анх удаа хоёр дахь шатны сонгууль гарснаар барахгүй, өрсөлдөгчдийн хувь хааш ч эргэж мэдэхээр үед сөрөг хүчнээс нэр дэвшигчдээ нэг хуудас цаас өгсөн нь ялалтын хөзөр болж хувирсан. АН- ын дарга С.Эрдэнэ өөрийн намын нэр дэвшигч Х.Баттулгад “Монголчууд гурван их наяд төгрөгийн цалин, тэтгэвэр, оюутны зээлтэй байна. Та Ерөнхийлөгч болох юм бол энэ зээлийг барагдуулах тал дээр ажиллаарай” хэмээн захиж, нэр дэвшигч ч “оффшор дансанд байгаа олигархуудын мөнгийг оруулж ирж чадвал өрийг дарах боломжтой” гэх агуулгаар сонгогчдод хандсан. Тухайн үедээ л энэ алхам бол Гүржүүдээс хуулсан арга ядсан популизм гэдэг нь ойлгомжтой байсан. Тийм ч учраас өнөөдрийг хүртэл хэрэгжсэнгүй. Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа 2017 оны долдугаар сарын 24-нд улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэх уриалга гаргасан. Намар нь АТГ-аас “Оффшороос 4.3 сая ам.доллар оруулж ирсэн” гэж мэдэгдсэнээс өөрөөр дорвитой үр дүн гарсангүй. Харин Ерөнхийлөгчийн зүгээс энэ алхмыг хэрэгжүүлэхээр хууль санаачилж, ажил хэрэг болгохоор зүтгэж байгаа ард иргэдтэй уулзах бүртээ ярьсаар л яваа. Үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын тэргүүлдэг МАХН- аас ямар нэгэн нэмэлт хүү үгүйгээр үндсэн төлбөрийг нь олон жилийн хугацаатайгаар төлүүлэх хэлбэрээр иргэдийг орон сууцтай болгох хөтөлбөр хэрэгжүүлж иргэдийг бүртгэж эхлэв, нэмээд иргэдийг өргүй болгох “Өргүй Монгол” хөтөлбөр хэрэгжүүлэхээ зарлаж орхив.
Бүрэн эрхийн хугацаа нь тэхий дундаасаа өнгөрсөн Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 он гарахтай зэрэгцэн иргэдийн тэтгэвэрийн зээлийг тэглэх хууль санаачлах хэрэгтэй, ҮАБЗ-өөс энэ чиглэлээр зөвлөмж гаргаж, Засгийн газарт хүргүүлснээ ард түмэндээ дуулгаж, настан буурлуудын сэтгэлийг хөдөлгөв. Сонгуулиар өгсөн “зээл тэглэх” амлалтаа үе шаттайгаар биелүүлж байна гэсэн сэтгэгдэл мэдээж хэрэг нийгэмд төрөв.
Ингээд ажилгүй газраас ажил гарч, Засгийн газар өнөө л үйлтэй “Эрдэнэс Монгол” компаниас 6 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай бонд гаргаж 6 сая хүртэлх тэтгэвэрийн зээлийг нэг удаа тэглэх болов. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал П.Ганхүү “2019 онд Салхитын мөнгөний орд, Багануурын нүүрсний ордын тусгай зөвшөөрлүүд ч манайд ирсэн. Тэтгэврийн зээл тэглэхтэй холбоотой “Эрдэнэс” бонд гаргах ажлыг бид богино хугацаанд хийлээ. Бондыг гаргасан. Одоо арилжааны банкуудтай хийх 695 тэрбум төгрөгийн гэрээг хийснээр, 6 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээл бүрэн тэглэгдэнэ” хэмээв. Иргэдээ ялгаварласан болохгүйн тулд тэтгэврийн зээл аваагүй 190 гаруй мянган хүнд 2021 оны тавдугаар сард олгох мөнгөжих бонд ч гэсэн “Эрдэнэс” бондтой хамт гарч байгаа. Харин бондын төлбөрийг хэрхэн хийхээ ямар ч дарга ярьсангүй. 2025 онд бид улсаараа өөр гариг дээр оччихгүй, эсвэл өрөнд баригдсан улсын сан гэнэт дүүрчихгүй учраас иргэдийн татварын мөнгөнөөс л төлөх нь ойлгомжтой. Төлсөөр ч байгаа. Тэгэхээр өнөө маргааштаа улс төрийн эрх авах гэсэн улстөрчдийн сайхан амлалтыг бид ирээдүйд олох мөнгөнөөсөө төлж байгаа хэрэг. Эцгийнх нь өрийг хүүгийнх нь мөнгөөр дарчихаад гэрийнх нь зурагтаар сайн хүний дүр эсгэн оргилуун дарс өргөчихсөн хэрэг.
Тэгэхээр тэтгэвэрийн зээлийн хэн тэглэсэн хэрэг вэ? Санаачилсан Ардчилсан нам уу? Шахаж шаардсан Ерөнхийлөгч үү? Бонд гаргаж шийдсэн МАН-ын Засгийн газар уу? Тэтгэвэрийн зээл тэглэх нь зөв гэж яаран дэмжсэн МАХН уу? Хэлэхэд хэцүү юм. Гавьяа нь ямартай ч улстөрчдөд очно. Гай нь ард түмний нуруун дээр нь буух нь л үнэн юм.
Удахгүй үүнээс ч том “тэглэх” уралдаан эхэлнэ. Ерөнхийлөгч нийт иргэдийн өрийг тэглэх гэсэн боловч эрх баригчид саад боллоо, бид эрх мэдэл авч байгаад тэглээтэхье гэж АН ухуулна. МАХН-ын хувьд аль хэдийнэ “Өргүй Монгол” хөтөлбөр зарлачихсан. “Тэглэх” хэмээх энэ шидэт үгийг Н.Энхбаяр 16 жилийн дараа ахин хэрэглэж буй нь энэ. Их өрийг нэг тэглэж чадсан юм, ард түмнийхээ өрийг ч тэглэх л болно гэсэн пи-ар үүний араас удахгүй залгах биз ээ. Эрх баригчид арай ч сонгуулиас өмнө иргэдийн өрийг тэглэхгүй байх. Гэхдээ л үүнээс ч агуу сонсогдох “тэглэлт”-ийг амлах нь мэдээж. Одоо ч эхнээс нь хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа зарлаад байна. ҮАБЗ дээр олонхийг бүрдүүлж байгаа МАН-ынхан эхлээд УИХ-д зөвлөмж өгөөд өөрсдөө олонхиороо тэтгэврийн зээлийг тэглэсэн. Ингээд зогсохгүй төрийн сангийн зээлээр сурсан оюутнуудын сургалтын төлбөрийг тэглэх хууль санаачлаад УИХ-д өргөн барьчихаад байна. Өөрсдөө голдуу сурсан, үгүй бол үр хүүхдээ сургасан төрийн сангийн зээлээ өөрсдийн гараар тэглэх гэж байна. Хачирхалтай нь энэ тэглэлтээ ирээдүйгээ бодсон, эсвэл иргэдээ бодсон шийдвэр гэж тайлбарлаж байх юм. Харин сургалтын зээлээ хугацаанд нь төлсөн, бүр хүүтэй нь өгсөн төлсөн хүмүүс хохироод үлдэж байна. Анхнаасаа аваагүй хүмүүст ахмадуудтай адилхан бонд босгож өгөхгүй нь ойлгомжтой.
Гэхдээ эрх баригчдын энэ тэглэлт гээд байгаа шоу нь үнэндээ өөрсдөд нь илүүтэй үйлчилж байгаа дараагийн жишээ нь ЖДҮ. УИХ-ын талаас илүү хувь нь өөрсдөө 950 сая, 950 сая төгрөгөөр нь ЖДҮХС-гаас зээл авчихсан хэрнээ “Иргэдийн зээлийг энэ вирусийн үед хүүгийн төлбөрөөс чөлөөлөх ёстой” гэсэн чиглэлийг Засгийн газарт өгөөд байна. Энэ дагуу нь Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан ЖДҮ-гийн зээлийн хүү болон үндсэн төлбөрийн төлөлтийг ирэх зургадугаар сарын 30 хүртэл хойшлуулах шийдвэр гаргаад байна.
Дараалсан энэ тэглэлт нь нийгэмд хүлээлт үүсгэснийг коронавирусийн халдвар тархсан энэ өдрүүдэд улам ч тодорхой болж байна. Хэрэглээний зээл тэглүүлэх, банкин дахь өрөө хойшлуулах, барьцаанд тавьсан эд хөрөнгөө буцааж авах хүсэлтүүд сошиалаар хөвөрч байна. Хөршдөө өгөх мөнгөө тэглүүлэх, хүүхдийн сургалтын төлбөрөө буцааж авах гэсэн, бүр хараагаа тэглүүлье, насаа тэглүүлье гэх санаачилга ч өрнөж байна.
Эрх баригчид эхнээс нь тэглэчихсэн болохоор иргэд ч үргэлжлүүлэн тэглүүлэхийг шаардсаар байх нь зүй ёсны хэрэг биз. Эцэстээ харин энэ тэглэлт нь Монголын ирээдүйг тэглэх эрсдэлтэйг өнөөдөр тэглүүлж байгаа иргэд, ирээдүйн эрсдэлээр рейтингээ өсгөх гэж хичээж буй улстөрчид хоёрын хэн нь ч тоохгүй байна даа.
Улс төрийн хаос
Уг номоороо бол улс төрийн намуудад үзэл баримтлал гэж бий. Харамсалтай нь манайд үзэл баримтлалтай улс төрийн хүчин үгүй болжээ. Популизмаас өөр зүйл санал болгох, сэтгэх чадваргүй улс төрийн бүлэглэлүүд намуудын үзэл баримтлал, үнэт зүйлийг үгүй хийж, үр дүнд хоёр улс төрийн хүчин нь дээгүүрээ ханцуй нэгдэн, эрлийзжээ. Найдлага тавьж буй шинэ хүчнүүд ч хуучин намуудын хавсарга, тавиулууд гэдэг нь нүдэн дээр ил болж ирлээ.
Үүнийг МАНАН гэнэ үү, юу гэнэв хамаагүй. Ямартай ч манай улс төр өнөөдөр хаос байдалд орчихлоо. Намуудад үлдсэн сүүлчийн амь, үзэл санаагаараа нэгдсэн дэмжигчид ирэх сонгуулиар цацагдах улс орны эдийн засгийг “тэглэх” санаачлагуудын дараа нүүр буруулна. Ингээд оршин тогтнолын хувьд “тэг” цэг дээрээ очиж таарна. Харамсалтай нь үр дагаврыг нь улс орны эдийн засаг үүрч гарна. Тэг рүү тэмүүлэх улстөрчдийн хүч манай улсыг Гүржийн өнөөгийн байдлаас ч долоон дор нөхцөл түлхэх нь цаг хугацааны л асуудал. Бүрэнхий энэ бодит байдлыг бүх нийтийн сонгуулиараа бид бий болгосон билээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ