Тэтгэврийн зээл тэглэнэ гэдэг тэдний хаясан “яс” уу?!


Шинэ оны өмнөхөн ҮАБЗ-ийн гишүүд болох Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар хуралдаж, нэгэн шийдвэр гаргажээ. Энэ нь Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулах замаар ахмад настны тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх асуудал байв. Улмаар он солигдох мөчид Ерөнхийлөгч энэ тухай олон нийтэд зарлаж, бэлэг барив. Өрийн дарамтад орсон иргэдийн хувьд сайхан мэдээ. Тэд шинэ он гэж хөөрцөглөхийн оронд тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар амьсгалж, 2020 оноо угтсан нь лавтай. Түүнээс хойш улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллага, ахмадын холбоод, эдийн засагчид хүртэл дуугарч, энэ асуудал аргагүй нийгмийн анхаарлын төвд байна. Эрх баригчид ч тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг өлгөн авч, хурдан шийдэхээ мэдэгдчихлээ. Сөрөг хүчний дарга С.Эрдэнэ эхлээд тооцоо судалгаагүй орж ирсэн, дэмжихгүй гэчихээд олон нийтийн дайралтад өртсөн. Үнэхээр сонгуулийн жилд тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг эсэргүүцсэн улстөрч “амиа хорлосон”-той адилхан болно.
Мөн энэ асуудлын хажуугаар ямар ч зай орохооргүйгээр бужигнаж байна. Дээр дооргүй шуугилдаж, гарц гаргалгааг хэлэлцэн, хэзээ шийдэж ахмадууд өргүй болох вэ гэсэн асуулт нийгэмд өрнөөд 10 хоночихлоо. Манай улстөрчид ийм л үед “хулгай” хийдэг гэсэн яриа оргүй биш. Энэ дуулианы ард шийдлээ хүлээсэн олон чухал асуудал хаягдаж байна. Хөшигний ард улстөрчдийн ямар наймаа, тохироо явж байгааг таах аргагүй. Эхнээсээ ч зэс нь цухуйж эхлэв. Тухайлбал өчигдөр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын хэлсэн үг анхаарал татаж байна. Тэрээр “ҮАБЗ-ийн шийдвэр гарахаас өмнө банкнаас их хэмжээний зээл гарсан байна.
Банкууд арван сая төгрөгөөс дээш дүнгээр 100 орчим тэрбум төгрөгийн зээл олгожээ. Үүнийг ийм шийдвэр гарна гэдгийг мэдсэн хүмүүс авсан байх магадлалтай. Шалгах хэрэгтэй” гэлээ. Хэрэв тийм бол ноцтой л асуудал. ЖДҮХС, Хөгжлийн банкны зээл, концесс гээд өмнөх хулгай нь шийдэгдээгүй байтал энэ цаг үеийн улстөрчид дээр дахиад нэг нэр буюу тэтгэврийн зээлийн “хулгай”-н асуудал нэмэгдэнэ гэсэн үг.
Түүнчлэн энэ дуулианы ард олон чухал асуудал дарагдаж байна. Тухайлбал, Монголын ард түмний амьдралтай шууд холбоотой Оюутолгойн төсөл байна. 11 жилийн өмнө хийгдсэн энэ гэрээг ашигтай, ашиггүй гэж ярьсаар удсан. АТГ, Аудитын байгууллага, УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийнхэн шалгаад ашиггүй болохыг нь баталсан. Түүнчлэн олон ноцтой зөрчил, дутагдал илэрсэн гэдэг нь батлагдсан. Тухайлбал, Оюутолгой төсөл олон улсын банкнуудын барьцаанд тавигдсан байна гэдгийг шалгалтын явцад тогтоосон. Монгол Улс Оюутолгой төслийн 34 хувийг эзэмшдэг атлаа 2019 оны гуравдугаар сарын 30-ны байдлаар нэг тэрбум 79 сая ам.долларын өрөнд орсон гэдгийг ч ажлын хэсэг дүгнэлтдээ танилцуулсан.
Энэ мэтчилэн олон асуудлыг УИХ-д танилцуулаад тэндээс улс төрийн шийдвэр, шийдэл хүлээж байгаа. Гэтэл парламент Оюутолгой гэрээг нягтлан шалгах тогтоолын төслийг баталснаас өөр юу ч хийсэнгүй. УИХ яаж ийгээд л энэ асуудлаас бултаж, зугтсаар ирсэн. Оюутолгойн гэрээг хэлэлцэж асуудлыг нэг талд гаргахгүйгээр Үндсэн хуулийн төслийг оруулж ирж баталсан. Ингэхдээ Үндсэн хуулиас өөр ямар ч асуудал хэлэлцэхгүй гэсэн далбаан дор бараг хагас нэг жилийн хугацаа алдсан.
Түүний араас Сонгуулийн хууль, төсөв гээд үргэлжлээд одоо л нэг Оюутолгойг хэлэлцэх нь гэтэл тэтгэврийн зээлийг тэглэх дуулиан ороод ирлээ. Уг нь Оюутолгойн гэрээний асуудлыг үнэн зөвөөр шийдэж чадвал Монголын ирээдүйд ямар ач холбогдолтой гэдгийг энэ улстөрчид сайн мэдэж байгаа. Харин тэд санаатайгаар гэх юм уу, асуудлыг дуулианаар дарах аргаар бултсаар л байна.
Дараагийн нэг асуудал нь эрх баригч нам өөрсдийн тоглоомын дүрэм буюу хүссэн хувилбараа хуульд тусгаад баталчихсан. Тэд энэ удаа 2008, 2012 оны сонгуулийн хувилбар буюу 26 тойрогтой, томсгосон можаритар тогтолцоог сонгосон билээ. Ингэж Сонгуулийн хуулийг батлахдаа Үндсэн хууль зөрчиж, хүний сонгогдох сонгохдох эрхэнд ноцтойгоор халдсан. Энэ асуудал эхнээсээ Үндсэн хуулийн цэц дээр очихоод байгаа. Мөн МАН дотор нэр дэвшигч дагасан мандат хуваарилалт ид явагдаж байна. Уг нь мандатыг хуваарилахдаа СЕХ-ны санал, тухайн байршлын хүн амын тоо зэргийг харгалзан үздэг. Нийслэлд хүн амын талаас илүү хувь нь амьдарч байгаа гэдэг утгаараа олонхи мандат энд төвлөрөх учиртай. Гэвч МАН-ынхан энэ сонгуулиар орон нутаг руу мандатын тоог нэмж, хотын сонгогчдын эрхэнд халдсан үйлдлээ гүйцэлдүүлэхээр зүтгэж байна.
Дараагийн нэг асуудал нь энэхүү дуулиантай зэрэгцэн улс төрийн хүрээнд зарим банкны хувийг худалдах, худалдан авах тухай яриа ч хөндөгдөж эхэлсэн нь нууц биш. Энэ мэтчилэн тэтгэврийн зээлийг тэглэх асуудлын цаана олон асуудал нуугдаж байна. Зээл тэглэх энэхүү “бэлэг” нь нийгэмд “балаг” тарьж мэдэхээр байна.
Т.БатсайханЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Холбоотой мэдээ