А.Амбасэлмаа: III эмнэлэгт эмчлүүлж буй өндөр халуурсан иргэнээс коронавирус илрээгүй
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийв.
Үүний дараагаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -III эмнэлэгт эмчлүүлж буй иргэнээс коронавирусийн шинжилгээ авсан байсан. Хариу нь ямар гарсан бэ?-Тандалтын зорилгоор III эмнэлэгт хэвтэж буй өндөр халуурсан нэг хүнээс шинжилгээний сорьцыг өчигдөр авсан. Хоёр төрлийн шинжилгээгээр коронавирус илрээгүй.
Бид томуугийн харуулдан тандалтын тогтолцоогоороо томуу, томуу төст халдварын тохиолдлын тодорхойлолтод тохирсон өвчтөнүүдэд тандалт хийж байгаа. Тухайлбал, халуурах, ханиалгах шинж тэмдэгтэй хүмүүсээс түүвэрлэн өдөрт 25-30 хүнээс сорьц авч, тандалтын шинжилгээ хийж байна.
-ХӨСҮТ-д эмчлүүлж байсан хоёр тохиолдол эдгэрсэн тухай сая мэдээллээ. Энэ хоёр хүн нь ямар нислэгээр ирсэн бэ?-Манай улсад лабораторийн шинжилгээгээр батлагдсан 15 тохиолдол бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар нь дөрвөн хүн эдгэрч, 11 нь ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэж байна.
Одоо эмнэлгээс гарах гэж буй эдгэрсэн хоёр тохиолдол нь Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр ирсэн. Тэднийг үргэлжлүүлэн 14 хоног ажиглалтад байлгаж, давтан шинжилгээг хийнэ.
Өмнөх удаад Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн хоёр тохиолдлыг манай эмч нар эмчилсэн.